ПРОГЕСТЕРОН ДААВАР ТҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

Огноо: 2019-05-24       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Прогестерон нь сар бүр өндгөн эс ялгарах үед өндгөвчинд нийлэгждэг, биений юмны мөчлөг болон жирэмслэлт хэвийн явагдахад оролцдог нэн чухал үүрэгтэй даавар юм. Прогестероны гол үүрэг нь умайн орчинг жирэмслэлтэд бэлтгэдэг. Сар бүр өндгөн эс ялгарсны дараа прогестерон нь өндгөн эсийг үр тогтоход бэлэн болгохын тулд умайн ханыг зузааруулж өгдөг. Хэрэв умайн хана хангалттай зузаан биш бол үр тогтсон өндгөн эс тогтдоггүй. Өндгөн эс үр тогтоогүй бол прогестероны хэмжээ буурч, биений юмны мөчлөг хэвийн байдлаар үргэлжилнэ. Түүнчлэн үр шилжүүлэн суулгахад прогестерон нь умайн ханыг жирэмслэлтийн хугацаанд тэнцвэржүүлэн дэмжиж өгдөг.

Хөхүүл үед болон хөх ургаж эхлэхэд оролцдог. Энэ үед прогестероноос гадна эстроген болон бусад даавар оролцдог. Эрэгтэй хүнд маш бага хэмжээтэйгээр ялгардаг бөгөөд эр бэлгийн эсийн хөгжлийг дэмжиж өгдөг.

Прогестероны хэмжээ бага үед анхаарах зүйлс:

Жирэмсний үед хамгийн чухал даавар юм. Хэрэв прогестероны хэмжээ хангалттай биш байвал жирэмслэхэд хүндрэлтэй болох эсвэл жирэмсний үед хүндрэл учрах эрсдэл тулгардаг. Сар бүр өндгөн эс ялгарах бүрт прогестероны хэмжээ өсөх ёстой.

Жирэмсэн биш эмэгтэйчүүдэд прогестероны хэмжээ бага үед илрэх шинж тэмдэг:

  • Толгой өвдөх эсвэл мигрень өвдөлт
  • Сэтгэл зүйн өөрчлөлт (сэтгэл зовних, стресс)
  • Бэлгийн дур хүсэл буурах
  • Нүүрээр халуун оргих
  • Биений юмны мөчлөг алдагдах

Жирэмсэн биш эмэгтэйчүүдэд прогестероны хэмжээ бага байх нь умайн цус алдалтын шалтгаан болдог. Биений юмны мөчлөг алдагдах, эсвэл бүр үзэгдэхгүй байх нь өндгөвчний үйл ажиллагаа саатах, прогестероны хэмжээ буурсантай холбоотой байдаг.

Хэрэв жирэмсэн бол хүүхдийг төртөл нь умайн үйл ажиллагааг хянахын тулд прогестероны хэмжээг шалгадаг. Хэрэв прогестероны хэмжээ хэт бага байвал хүүхэд тээх боломжгүйг илтгэнэ.

Жирэмсний хугацаанд прогестероны хэмжээ бага байх нь бага хэмжээний цус гарах эсвэл хэвлий хэсгээр зовуурь үүсгэдэг. Үүнээс гадна дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

  • Хөх байнгын хөндүүртэй эсвэл зовуурьтай байх
  • Сульдах, ядрах
  • Цусан дахь сахарын хэмжээ багасах
  • Үтрээ хуурайших

Прогестероны хэмжээ цусанд бага байх нь цусан дахь хор ихсэх эсвэл умайн гадуурх жирэмслэлтийн шалтгаан болдог. Заримдаа амьгүй жирэмслэлт эсвэл зулбах тохиолдол гардаг. Прогестерон хэт бага эсвэл байхгүй байх үед эстроген дааврын хэмжээ ихсэж бусад дааврыг дарангуйлж эхэлдэг. Ингэснээр дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд:

  • Жин нэмэх
  • Бэлгийн дур хүсэл буурах, стресст амархан өртөх, сэтгэл санаа тогтворгүй болох
  • Биений юмны мөчлөг өөрчлөгдөх, цус алдах, биений юмны өмнөх хамшинж
  • Хөх хөндүүрлэх, уйланхай бий болох
  • Эндометриоз, умайд киста үүсэх
  • Цөс өвдөх
  • Бамбайн булчирхайн үйл ажиллагаа алдагдах

Прогестерон дааврын шинжилгээний ач холбогдол

Жирэмслэхгүй байгаа тохиолдолд эсвэл өндгөн эс ялгаруулж байгаа үгүйг мэдэхийн тулд прогестероны шинжилгээг өгдөг. Түүнчлэн даавар орлуулах эмчилгээг хянах болон эрсдэлтэй жирэмснийг үнэлэхийн тулд хийгддэг.

Прогестероны хэмжээ нь биений юмны мөчлөгийн хугацаанд хэлбэлзэж байдаг. Сарын тэмдэг ирэхээс 7 хоногийн өмнө хамгийн өндөр хэмжээндээ хүрдэг. Жирэмсэн үед хэвийн хэмжээнээсээ өндөр байдаг. Түүнчлэн ихэр хүүхэд тээж байгаа тохиолдолд ихэсдэг.

Өндгөвчний үйл ажиллагаа хэвийн бус явагдаж байгаа үед прогестероны хэмжээ бага байдаг. Цэвэршилтийн үед эстроген болон прогестроны хэмжээ байгалийн жамаар буурдаг.


Эрэгтэйчүүд, хүүхдүүд болон цэвэршиж буй эмэгтэйчүүдийн прогестероны түвшин бага байдаг.


Прогестерон эмчилгээний талаар

Прогестероны хэмжээ бага үед шинж тэмдэг илрэх нь бага. Гэсэн хэдий ч хэрэв жирэмслэхээр төлөвлөж байгаа бол прогестерон дааврын эмчилгээ нь умайн ханыг зузааруулж өгдөг. Ингэснээр эрүүл жирэмслэлт бүрэлдэхэд тусалдаг.

Эмчилгээний явцад биений юмны мөчлөг алдагдах, цус алдах зэрэг хүндрэл илэрч болно.

Цэвэршилтийн үед прогестероныг эстроген даавартай хавсарч эмчилгээ хийдэг. Прогестеронгүй дан ганц эстрогенийг хэрэглэх нь эндометрийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.

Даавар эмчилгээ нь халуун оргих, шөнө хөлрөх, үтрээний хуурайшилт зэрэг хамшинжийг бууруулдаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл санааг өргөдөг. Түүнчлэн чихрийн шижин болон ясны сийрэгжилтээр өвдөх эрсдэлийг багасгадаг. Ууж хэрэглэж байгаа үед тайвшруулах үйлчилгээтэй.

Даавар орлуулах эмчилгээ нь зүрхний шигдээс, цусны бүлэн болон цөсний эмгэг үүсгэх талтай байдаг. Хэрэв хөх болон эндометрийн хорт хавдартай бол эмчлэгч эмчдээ зайлшгүй хэлэх ёстой. Элэгний өвчин, цусны бүлэн, зүрхний шигдээс болж байсан бол даавар нөхөх эмчилгээ тохиромжгүй. Прогестероны хэмжээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан буурдаг. Гэсэн хэдий ч даавар нөхөх эмчилгээний тусламжтайгаар эмчлэгдэх боломжтой. Тус эмчилгээ нь хэдэн долоо хоногоор ч үргэлжилж болно.

Цэвэршилт явагдаж буй эмэгтэйчүүдийн хувьд даавар нөхөх эмчилгээг удаан хугацаагаар хийдэг. Даавар эмчилгээг заавал нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд хийдгийг анхаарна уу.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1757
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг