Ихэр жирэмсэн буюу олон урагтай жирэмсэн

Огноо: 2019-04-12       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан:    


Хоёр түүнээс дээш үр хөврөл бүрэлдэн тогтохыг олон урагтай жирэмсэн гэнэ. Эх барихын практикт ихэр жирэмслэлтийг нэг өндөгний, хоёр өндөгний ихэр гэж хуваадаг. Ихэр жирэмсэн нь энгийн нэг урагтай жирэмснээс нэлээд олон ялгаа, онцлогтой байдаг. Ихэр ураг тээж байгаа жирэмсэн эхчүүдэд цусны даралт ихсэх, цус багадалт, зулбах болон дутуу төрөх, ургийн гаж хөгжил, ургийн өсөлт баригдах хам шинж үүсэх, ураг дотроо болон төрсний дараа эндэх эрсдэл энгийн жирэмсэнтэй харьцуулахад өндөр байдаг. Иймд ихэр жирэмсэн үед өөрийн эрүүл мэнддээ илүүтэй анхаарч жирэмсний хяналтад эрт орж тогтмол үзүүлж гарч болох хүндрэлүүдээс сэргийлэх шаардлагатай.

Олон ураг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

Удамшил, эхийн нас, төрөлтийн тоо, хооллолт, арьсны өнгө, дааврын тогтолцооны өөрчлөлт, үргүйдлийн эмчилгээ, хиймэл үр тогтох аргаар жирэмслэх зэрэг олон зүйл нөлөөлдөг. Олон урагтай болох нь эцгийн талын ихрийн удмаас эхийн талын ихрийн удам илүү нөлөөтэй болохыг судлаачид тогтоожээ. Тухайлбал 4000 ихэр жирэмснийг угсаа гарлын хувьд судлан үзэхэд эмэгтэй нь 2 өндгөн эсийн ихэр байхад 58 жирэмсэн эхийн 1 тохиолдолд ихэр болж байхад, ихрийн удамгүй эмэгтэйгийн нөхөр нь 2 өндгөн эсийн ихэр байхад 116 төрөлтөнд 1 тохиолдол их болж байсан тухай мэдээлжээ.

Олон урагтай жирэмсэлт эхийн 35-37 насанд хамгийн их тохиолдох бөгөөд энэ үед өндгөн эсийн цэврүү үүсгэгч дааврын хэмжээ хамгийн их болж өндгөн эсийн цэврүү хамгийн олон бий болдог. Ихэр жирэмслэлт төрөлтийн тоо нэмэгдэх тусам ихэр жирэмсэлтийн давтамж нь нэмэгддэг байна. Олон урагтай жирэмсэн эхэд эх барихын ноцтой хүндрэл тухайлбал жирэмсэн үед ураг өсөлтгүй болох, ураг өөр өөр жинтэй болох, нэг ураг нь амьгүй болох, нэг ураг нь устаж үгүй болох, ургууд бүрэн тусгаарлагдаж чадахгүй Сиамын ихэр үүсэх, жирэмсний хожуу хордлого, хавагнах, артерийн даралт ихсэх, цус багадах, дутуу төрөх, төрөх үед төрөх хүчний сулрал үүсэх, төрсний дараах цус алдах, үжил халдвараар хүндрэх зэрэг эрсдэл ихтэй байдаг.

Сүүлийн 25 жилд олон урагтай жирэмслэлт нэмэгдэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд үргүйдэл нэмэгдэж үүнтэй уялдан тусгай зөвшөөрлөөр жирэмсэн болгох явцад олон урагтай жирэмслэлт болох нь их байдаг байна. Ийм учраас олон урагтай жирэмсэн, төрөлт нь нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод байна. Олон урагтай жирэмслэлт нь хугацаанаас өмнө төрөх, хугацаандаа төрсөн ч бага жинтэй ураг төрөх түүний амьдрах чадвар нь буурч, насан турш хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл өндөр байна.

Олон урагтай жирэмсний үед ургийн гажиг хөгжил үүсэх эрсдэл өндөр бөгөөд ургаас урагт цус юүлэгдэх хам шинж үүсч болно. Эхэд нь янз бүрийн хүндрэл их тохиолдож байгааг судлаачид баталсаар байна. Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 850-950 хоёр ураг, 10-15 гурван ураг тээсэн эхчүүд төрж байгаагаас перинаталь эндэгдэл өндөр байна. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 1-2% нь ихэр жирэмслэлт байдаг. Гэвч сүүлийн 25 жил үр шилжүүлэн суулгах эмчилгээ эрчимтэй хийгдэж эхэлсэн ба үүнтэй зэрэгцэн ихэр жирэмслэлтийн тоо нэмэгдэж байна.

Урагт тохиолдох эрсдэл хүндрэл

Ихэр жирэмсний үед нэг ураг устаж үгүй болох тохиолдол байдаг. Жирэмсний 7-10 долоо хоногтойд нэг үр хөврөл нь устаж үгүй болох эсвэл хоорондын хэмжээ нь ялгаатай болох нь их тохиолддог. Ихэр гэж оношлогдсон боловч нэг ураг төрүүлэх явдал гарч болно. Судлаачдын тэмдэглэснээр нийт ихэр жирэмсний 10-40% нь жирэмсний 2 дахь 3 сартайгаас өмнө нэг ураг нь устаж алга болдог. Ихэр ургийн нэг нь эндэх, устаж үгүй болоход хоёр дахь урагт нөлөөлөх нь бага байдаг. Харин жирэмсний 17-20 долоо хоногоос хойш нэг ураг нь эндвэл нөгөө ургийн өсөлт саарах, дутуу төрөх тохиолдоно. Эх дотроо нэг ураг эндэх нь эхийн цусны удамшлын ба олдмол эмгэг, ураг ургаа тэжээх хам шинж, артери-венийн судасны эмгэг хэт олшрол, удамшил болон халдварын хүчин зүйл нөлөөлнө.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1776
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг