Өндгөвчний хорт хавдар

Огноо: 2019-01-07       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн       Уншсан:    


Хорт хавдар гэж юу вэ?

Хорт хавдар гэдэг нь хэвийн бус эсүүд хяналтгүйгээр хуваагдан олширч, хэвийн эдийг гэмтээхийг хэлнэ. Мөн хавдар нь бие организмын бусад эрхтэнд тархаж, үсэрхийлэх боломжтой байдаг. Шалтгаан нь эсийн генийн өөрчлөлт буюу мутаци юм. Зарим хүмүүст эцэг эхээс нь генетикийн мутаци удамшсан байдаг нь хэвийн бус эсийн өсөлтийг хурдасгаж, хяналтгүй өсөлтийг зогсооход хүндрэл учруулна.

Өндгөвчний хорт хавдрын тухай баримт

Өндгөвчийн өмөн буюу хорт хавдар нь нийт эмэгтэйчүүдийн байрлалын эрхтний хавдрын 4%-ийг эзэлдэг. Өндгөвчийн өмөн гэж оношлогдсон нийт эмэгтэйчүүдийн 85% нь 50-аас дээш насны эмэгтэйчүүд байдаг байна. Дэлхий дээр эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгааны 7-рт өндгөвчний хорт хавдар ордог. Монгол улсад эмэгтэйчүүдийн зонхилон тохиолдох хавдрын өвчлөлийн 7-рт, хорт хавдрын шалтгаант нас баралтын 9-рт өндгөвчний хорт хавдар орж, 2017 оны байдлаар 55 эмэгтэй уг өвчний улмаас нас баржээ. Өндгөвчний хавдар ихэнх тохиолдолд бусад эрхтэнд тархах хүртлээ оношлогддоггүй. 20-80 насны эмэгтэйчүүд өндгөвчний хавдраар өвчлөх эрсдэлтэй боловч 50-60 насны эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог.

Өндгөвчний хорт хавдар гэж юу вэ?

Гурван төрлийн өндгөвчний хорт хавдар байдаг.

  • Хамгийн түгээмэл тохиолдох хучуур эдийн хэлбэр (нийт тохиолдлын 90%). Энэ нь өндгөвчний гадаргуугийн эсүүдээс үүснэ.
  • Өндгөн эсүүдийг үүсгэдэг хөврөл эсийн хэлбэр
  • Ховор тохиолддог стромын хэлбэр. Энэ нь өндгөвчний дотор орших холбогч эдээс гаралтай.

Өндгөвчний хорт хавдрын шалтгаан болон эрсдэлт хүчин зүйлс

Хэдийгээр өндгөвчний хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч, доорх эрсдлийн хүчин зүйлстэй холбоотой:

  • Хөгшрөл (50-аас дээш насны эмэгтэйчүүд өндөр эрсдэлтэй)
  • Удамшлын асуумж (Төрсөн эх, эгч зэрэг ойрын садан төрлийн хүн өндгөвчний хорт хавдраар өвчилж байсан өгүүлэмжтэй. Мөн гэр бүлийн гишүүдээс хөхний, умайн хүзүүний, ходоодны хорт хавдраар өвчилж байсан бол эрсдэл нэмэгдэнэ).
  • BRCA1, BRCA2 генийн өөрчлөлтүүд
  • Хойд Европ, Еврейчүүд
  • Сарын тэмдгийн эхлэл (12-оос өмнөх насанд) болон цэвэршилтийн өмнөх үе
  • Хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүд
  • Үргүйдэл
  • 30-аас хойших насанд анхны хүүхдээ төрүүлэх
  • Хэзээ ч жирэмслэлтээс сэргийлэх эм ууж байгаагүй
  • Үр тогтолтын эсвэл эстроген даавар орлуулах эмчилгээ хийлгэж байсан
  • Жирэмсний сүүлийн шат хүртэл хүүхэд тээж байгаагүй эмэгтэйчүүд
  • Анхны биений юм эрт ирэх, эсвэл хожуу цэвэрших
  • Хоол хүнс, орчны бохирдол гэх мэт хүрээлэн буй орчны хүчин зүйлс
  • Аж үйлдвэржсэн улс орнуудад өвчлөл өндөр байдаг.
  • Хөхний, умайн хүзүү, ходоодны хорт хавдраар өвчилж байсан.

Шинж тэмдэг, зовуурь

Хэвлий хэсгээр үе үе хөөж, гэдэс дүүрч, өвдөх, биений юм тогтмол бус болох, хоол идэхэд хүндрэлтэй эсвэл хурдан цадсан мэт мэдрэмж төрөх, нуруу, хэвлий эсвэл хэвлийн доод хэсгээр өвдөх, ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг антацид эмүүдийг уухад өвдөлт намдахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хавдрын хэмжээ томорсон үед хэвлий хэсгээр хөөх, аарцгийн орчимд тавгүйрхэх, ойр ойрхон, гэнэт шээх болон өтгөн хатах, гарахгүй саатах зэрэг хүндрэл учирна. Хавдрын хожуу шатанд орсон өвчтөнүүдэд ядрах, биеийн жин буурах, хоолны дуршил багасах, бэлгийн хавьтлын үед өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Өндгөвчний хорт хавдрын оношилгоо

Хэрвээ танд өндгөвчний хавдрын сэжигтэй шинж илэрвэл эмчид хандаж, хэд хэдэн төрлийн сорил, уйланхай, хавдар болон бусад төрлийн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Үүнд:

  • Үтрээн дотуур болон тунгалгийн зангилаанууд тэмтрэх бодит үзлэг
  • Цусны сорил
  • Хэв авиан шинжилгээ
  • Компьютер томограф шинжилгээ
  • РЕТ/ПЕТ шинжилгээ
  • Шулуун гэдэсний дурангийн шинжилгээ

Хэрвээ ямар нэгэн эмгэг өөрчлөлт илэрвэл биопсийн шинжилгээ (эдийн шинжилгээ) хийлгэх нь өндгөвчний хорт хавдрыг оношлох гол арга юм.

Өндгөвчний хорт хавдрын үе шат

  • 1-р үе шат: Хавдрын эс зөвхөн нэг эсвэл хоёр өндгөвчийг хамарсан байх бөгөөд бусад эрхтэнд нөлөөлөөгүй байна.
  • 2-р үе шат: Хавдрын эс нэг эсвэл хоёр өндгөвчинд нөлөөлөхөөс гадна аарцгийн хөндийн бусад эрхтэнг хамарсан байна.
  • 3-р үе шат: Хавдар нэг эсвэл хоёр өндгөвчинд нөлөөлөхөөс гадна аарцаг болон хэвлийн хөндийн лимфийн зангилаа эсвэл хэвлийн доод ханыг хамарсан байна.
  • 4-р үед шат: Хавдар хэвлийн хөндийгөөр хязгаарлагдахгүй, уушги, элэг, тархи зэрэг биеийн бусад хэсэгт тархсан байна.

Өндгөвчний хорт хавдрын эмчилгээ

Эмчилгээний төрөл

Хими эмчилгээнд ихэвчлэн cisplatin, carboplatin, paclitaxel, docetaxel агуулсан бэлдмэлийг мэс засал эмчилгээгээр хавдрыг авсны дараагаар хийнэ. Хавдар бүрэн авагдсан эсэхийг СА125 маркерын эсийн тусламжтайгаар хянана. Хими эмчилгээг венийн судсаар эсвэл хэвлийн хөндий рүү дусаалгаар, эсвэл хавсарч хийж болно. Хавдар нэлээд өргөн хүрээгээр тархсан бол хими эмчилгээг эхэлж хийдэг. Мэс заслын дараах хими эмчилгээний хариу урвалыг хэмжих боломжтой. Хөврөл эсийн хавдрыг РЕВ-тэй хими эмчилгээгээр эмчлэх боломжтой (cisplatin, etoposide, bleomycin). Эмчилгээний сонголт өндгөвчний хавдрын төрөл, үе шат, өвчтний эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаална. Эмчилгээний дараах аргууд байдаг. Үүнд:

1) Мэс засал

Эмчилгээ нь тухайн хавдрын хэмжээнээс хамаарна. Үүнийг мэс засал эмчилгээний явцад тодорхойлох боломжтой. Хэрвээ хавдар хэсэг газрынх бол үүнийг мэс заслаар тайрах нь үндсэн эмчилгээ, харин тэлсэн бол голомтыг аль болох ихээр ойр орчмын эрүүл эдийг хамруулан авах хэрэгтэй. Ажиллаврын үеэр мэс засалч хэвлийн хөндийд босоо зүслэг хийж, аарцаг болон хэвлийн хөндийн эрхтнүүүдэд хавдар тархсан эсэхийг шалгадаг. Өндгөвч, үрийн хоолой, лимфийн зангилаа, хэвлийн хөндийн эрхтнүүдийг тойрсон өөхнөөс эдийн болон шингэний сорьц авч шинжилнэ. Мэс засалч хавдар тархсан байж болзошгүй эдийг тайрч авна. Мэс заслын энэхүү арга нь өндгөвчний хорт хавдрын эмчилгээний эхний чухал үе шат байдаг. Хөнөөл багатай мэс заслын арга технологийн хөгжлийн үр дүнд мэс заслын эмчилгээний шинэ боломж бий болсон нь хөнөөл багатай мэс заслын арга юм. Жижиг хэмжээтэй зүслэг хийж, үүгээр жижиг камер оруулж, дүрсийг эмч дэлгэцээр томруулж харах боломжтой. Уг ажиллаврын үед өвчтөн бага цус алдаж, өвдөлт, сорви, хагалгааны дараах хүндрэл аль аль нь бага байдаг. Хавдрын хэмжээ бага өвчтөнд хийх боломжтой. Гэвч мэс заслын эмчилгээний сонголтыг өвчтөний биеийн байдалд тохируулж сонгоно.

2) Хими эмчилгээ

Өндгөвчний хавдар хими эмчилгээнд ихэвчлэн сайн хариу урвал үзүүлдэг. Хими эмчилгээг мэс заслын дараа үлдсэн байж болзошгүй хавдрын эсийг устгах зорилгоор хийдэг. Мөн хавдрын хэмжээг багасгах зорилгоор мэс заслын өмнө хийж болно.

3) Зорилтот эмчилгээ

Зарим өвчтнүүдэд хими эмчилгээтэй хавсарч хийдэг.

Урьдчилан сэргийлэлт

30-аас дээш насны эмэгтэйчүүд жил бүр биеийн болон аарцгийн хөндийн үзлэг, оношилгоонд хамрагдсанаар өндгөвчний хавдрыг эрт шатанд нь илрүүлэх боломжтой. Мөн ямар нэг хэвийн бус шинж тэмдэг, зовуурь илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй.

Өндгөвчний хорт хавдрын тавилан

Тавилан гэдэг нь оношилгооны дараагаар тохиолдож болох үр дагавруудыг хэлнэ. Тухайн хүний тавилан нь хавдрын төрөл, шатлал, өвчтний нас, оношлогдох үеийн биеийн ерөнхий байдал зэргээс хамаарна. Өвчтний амьдрал нь хувь хүн болон эмчилгээнд үзүүлж байгаа хариу урвал зэргээс хамааран янз бүр байдаг. 



Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1743
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг