Үр хөндөлтийн үед үүсэх хүндрэлүүд

Огноо: 2019-01-07       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг        Уншсан:    


Үр хөндөлтийн үед үүсэх хүндрэлүүдийг 3 бүлэгт хуваана.

  1. Ажиллавартай холбоотой
  2. Сэтгэлзүйн шалтгаантай
  3. Мэдээ алдуулалттай холбоотой

Ажиллавартай холбоотой хүндрэлүүд нь:

1. Умайн цооролт.  Үр хөндөлтийн үед ашиглагдаж байгаа соруураар ба умайн хүзүүг тэлэгчээр тэлэх явцад умай цоорч болдог. Өмнө нь хийгдэж байсан мэс засал, давтан төрөлт нь цоорох эрсдлийг нэмэгдүүлнэ. Эрсдэл 1000 хүн тутамд 1-4 тохиолддог . Умайн цооролтоос их хэмжээний цус алдалт, хэвлийн хөндийн эрхтнүүдийн гэмтэл үүсч болох тул амь насанд аюултай хүндрэлд тооцогддог. Цооролт сэжиглэгдсэн тохиолдолд соруулыг авахын өмнө ажиллаварыг яаралтай зогсоож яаралтай дурангийн болон хэвлийг нээх мэс засал хийгддэг. Умайн цооролтыг эрт оношлож эмчлэх нь цаашдын хүндрэл болон нас баралтаас сэргийлнэ.

2. Умайн хүзүү гэмтэх. Мэс ажиллавраар үр хөндөх үед умайн хүзүү нээгдэхгүй байх, гэнэт хүчтэй тэлсэнтэй холбоотой мөн урагдал сорвижилтын улмаас умайн хүзүүний урагдал үүсч болно.

3. Цус алдалт.  Үр хөндөлтийн үед болон дараа их хэмжээгээр цус алдах нь умайн булчингийн сулрал, умайн булчингийн агшилтгүй байх, умайн хүзүүний урагдал, умайн цоорол гэмтэл, умайн хүзүүний жирэмслэлт, мөн цус бүлэгнэлтийн эмгэг зэргээс шалтгаалж болно. Цус их хэмжээтэй алдсан тохиолдолд цус сэлбэх хүртэл арга хэмжээг авдаг. Үр хөндөлтийн үед дунджаар 1000 эмэгтэйн 1-д цус алдах эрсдэл байдаг.

4. Бүрэн бус үр хөндөлт. Энэ нь ажиллавар дууссаны дараа хөврөлийн зарим нэг хэсэг умайд үлдсэнтэй холбоотой үүсдэг. Үр хөндөлт орж буй эмэгтэйчүүдийн 5% нь ажиллаврын дараах эхний сард дахин мэс засалд орох шаардлагатай болдог. Жирэмсний тээлтийн хугацаа ихсэх тусам эрсдэл нэмэгдэнэ. Үр хөндөлтөд орсон өвчтөнд хэд хоногийн дараагаас их хэмжээний зогсолтгүй цус алдалтын шинж илэрдэг. Мөн эмэгтэйн хэвлийн доод хэсэгт дүлий эсвэл хатгасан өвдөлт илрэх бага зэрэг халуурах гэх мэт халдварын шинжүүд илэрч болно. Өвдөлт, халууралт, цус алдалтын нийлбэрийг үр хөндөлтийн дараах хүндрэлийн гурвал шинж хэмээн нэрлэдэг. Үтрээн хэт авиан шинжилгээ нь оношилгооны ач холбогдолтой бөгөөд үлдсэн шавхарга, үр хөврөл, эхсийн эдийг ялган оношлох, эмчлэх шаардлагатай.

5. Халдвар. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 1-3 % нь халдварт өртдөг. Бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүдэд суурь халдварт үрэвсэл байх нь элбэг бөгөөд ажиллаврын дараа халдвар дахин сэдрэх, эсвэл нян өсөж үржих таатай нөхцөл бүхий үр хөврөл агуулсан үлдэгдэл эд нь умайд нян өсч үржих таатай орчин болно. Үр хөндөлтийн дараах умайн салстын үрэвсэл нь даамжран архагшиж улмаар үргүйдэлд хүргэнэ. Тиймээс үр хөндөлт хийлгэж буй эмэгтэй бүрт өргөн хүрээний антибиотикууд хэрэглэдэг.

6. Вазовагаль ухаан алдалт. Умайн хүзүүг гэнэт хүчтэй тэлсэнтэй холбоотойгоор үүсч болно. Энэхүү ухаан алдалт нь нугасаар эсвэл ерөнхий унтуулгаар хангалттай сайн мэдээ алдуулсан үед үүсэхгүй.

7. Амжилтгүй үр хөндөлт. Жирэмсэнг таслах ажиллавар амжилтгүй болох эрсдэл жирэмсний тээлтийн хугацаа бага байх тусам өндөр байдаг. /6-с бага долоо хоног/. Эдгээр өвчтнүүдэд бөөлжих хэвлий томрох, хөх хөндүүрлэх гэх мэт жирэмсний шинжүүд илэрч болно. Амжилтгүй үр хөндөлт мэс заслын аргаар үр хөндөлт хийлгэсэн 1000 эмэгтэйд 1-3, эмийн үр хөндөлтийн дараа 1-14 тохиолдоно. Амжилтгүй үр хөндөлт болсон байх магадлалтай эмэгтэйчүүдийг эхний үр хөндөлтөөс 2 долоо хоногийн дараа дахин үзэж жирэмсний тест, хэт авиан шинжилгээгээр баталгаажуулах ёстой.

8. Судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж.  Энэхүү хам шинжийг үр хөндөлтийн дараах хүнд хэлбэрийн цус алдалт бүхий бүх өвчтөнд сэжиглэх хэрэгтэй. Ялангуяа 2 дахь 3 сардаа байгаа буюу хожуу хугацаанд жирэмслэлт тасласан эхчүүд өндөр эрсдэлтэй. Үр хөндөлт хийлгэж буй 1000 эмэгтэйд 200 орчимд тохиолддог.

9. Үргүйдэл. Ховор тохиолдолд үр хөндөлттэй холбоотой халдвараас шалтгаалж хоёрдогчоор эсвэл умайн салстыг хэт хусаж цэвэрлэснээс үүссэн Ашерманы хам шинж, умайн гуурсан хоолойн битүүрэлтээс шалтгаалж үргүйдэл үүснэ.

10. Ирээдүйд жирэмслэх боломж. Үр хөндөлтөөс үүдсэн үргүйдэл, умайн гаднах жирэмслэлт, эхэс түрүүлэлт, өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, дутуу төрөлт зэргийн эрсдлийг үнэлэх бодит баримт одоогоор байхгүй. Антибиотикийн урьдчилсан хэрэглээ болон простогландинаар умайн хүзүүг аажим тэлэх зэрэг нь эдгээр хүндрэлүүдээс хамгаалдаг.

Сэтгэлзүйн шалтгаант хүндрэлүүд: 

Үр хөндөлт хийлгэсний дараах хэд хоногт олонх эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд эмзэг байх боловч аажимдаа тогтворждог. Үүнээс шалтгаалж хүнд зэргийн эмгэгтэй болох эрсдэл байхгүй. Эмэгтэйн амьдралын хэв маяг нь үр хөндөлтийн дараах сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдөхөд нөлөөлж болно. 

Мэдээ алдуулалттай холбоотой хүндрэлүүд:

Ихэнх эмэгтэйчүүд ерөнхий мэдээ алдуулалтыг илүүд үздэг ба аюул эрсдэл багатай гэж боддог. Гэсэн хэдий ч 35-аас дээш настай, БЖИ өндөр, архаг тамхичин, артерийн даралт ихсэх өвчин зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчтэй хүмүүст эрсдэл ихэсдэг. Ихэвчлэн парацервикаль аргаар мэдээгүйжүүлэг хийхдээ зарим эмийн бодисыг судсанд шахах, эмийн тунг хэтрүүлбэл таталт, зүрх амьсгалын дутагдалд хүргэж амь насанд аюул учруулах эрсдэлтэй.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1066212
Өнөөдрөөр : 484
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг