Цэвэршилтийн дараах насанд бэлгийн амьдралдаа эергээр хандах нь

Огноо: 2018-11-02       Бэлтгэсэн эмч:        Уншсан:    


Сэтгэл хангалуун бэлгийн амьдрал

Эрүүл болон сэтгэл хангалуун бэлгийн амьдрал нь бие махбод, сэтгэл хөдлөл, сэтгэн бодох чадварыг эрүүл байлгаж, нийгмийн сайн сайхан харилцааг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бэлгийн амьдрал бол хүн оршихуйн салшгүй хэсэг. Бэлгийн харилцаа нь ухамсарт болон ухамсаргүй байдлаар хүн бүрийн амьдралынх нь туршид биеэ авч явах байдал, хөдөлгөөн төрх байдлаар биеийн илэрхийлэл, хэл яриа, гадаад төрх, бусад хүмүүстэй харилцах харилцаа, хандлага зэргээр илэрхийлэгдэж байдаг. Бэлгийн харилцаанаас үүсэх мэдрэмж амьдралын үе шатаас хамаарч хүн бүрт өөрийн өвөрмөц шинжтэй байдаг ч бэлгийн амьдралын идэвхтэй байх чадвар нь тухайн хүний нас, гэрлэлтийн байдал, бэлгийн чиг хандлага зэрэгт хязгаарлагдахгүй. Олон улс оронд цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дунд хийгдсэн судалгаанаас харахад ихэнх эмэгтэйчүүдийнн хувьд бэлгийн амьдрал нь гэр бүлийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг, нас үл хамааран цэвэрших насанд, цэвэршсэний дараах хожуу насанд ч бэлгийн идэвхтэй харьцаатай хэвээрээ байхыг эрмэлздэг гэж дүгнэсэн байна. Иймээс бэлгийн харилцааны идэвх буурах, бэлгийн хавьтал бэрхшээлтэй болох нь аль ч насны эмэгтэйчүүдийн хувьд хүндээр тусна. Цэвэршилтийн өөрчлөлтийн улмаас эмэгтэйчүүдийн 30-50%-д тодорхой хэмжээгээр бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт явагддаг нь гэр бүлийн дотно харилцаа, сэтгэлзүйн байдал, нийгмийн идэвх болон амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байдаг. Гэсэн хэдий ч эдгээр асуудлыг шийдвэрлэх эмчилгээний сонголтууд бий болсоор байна.

Цэвэршилт ба бэлгийн үйл ажиллагаа

Өндгөвчинд өндгөн эсийн нөөц барагдан, биений юм бүр мөсөн зогсосноор эмэгтэй хүний нөхөн үржихүйн чадвар алдагдахыг цэвэршилт гэнэ. Өндгөвчийн нөөц багасахыг дагаж эстроген дааврын ялгарлын хэмжээ ч буурч хэлдэг. Эстроген дааврын нийлэгжил буурснаас бие махбодод хэд хэдэн өөрчлөлт явагддаг. Халуу оргих, шөнө хөлрөх шинж тэмдэг хамгийн түгээмэл илэрдгийг эмэгтэйчүүд ярьж мэдээлдэг боловч, эстроген дааврын буурлын үүдэлтэй үтрээ хуурайших, бэлгийн хавьтал өвдөлттэй, таагүй болсон талаар тэр бүр ярьдаггүй. Мөн энэ үед сэтгэл санаа тавгүйтэх, түгших, нойргүйдэх, биеийн галбир өөрчлөгдөх зэрэг олон өөрчлөлтүүд давхар явагдаж, эдгээр нь бүгд хавсран бэлгийн амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ.

Хэдийгээр насжилт дагаж бэлгийн хавьтал цөөрдөг ч цэвэршсэний дараа эмэгтэйчүүд бэлгийн амьдралдаа гэнэт цэг тавьдаггүй. Ахимаг насны эмэгтэйчүүдэд бэлгийн сэдэл, дур хүсэл, төсөөлөл багасах, бэлгийн хавьтлын үед үтрээний чийгшил, бэлгийн ханамж буурах зэрэг өөрчлөлтүүд түгээмэл илэрдэг ч эдгээр өөрчлөлтүүд нь ерөнхийдөө бэлгийн амьдралын идэвхтэй байдлыг зогсоох шалтгаан болдоггүй. Цэвэршилтийн дараах насанд бэлгийн үйл ажиллагааны хямрал нь ихэнх тохиолдолд бэлгийн дур хүсэл, сэтгэл ханамж буурах хэлбэрээр илэрдэг ба үтрээний хуурайшилт, өвдөлттэй бэлгийн хавьтал зэрэг зовууриуд хавсарч байдаг. Ихэнх тохиолдолд бэлгийн дур хүсэл буурах, үтрээ хуурайших суурь шалтгаан нь дааврын өөрчлөлт болдог. Гэвч дунд насанд хүрэх амьдралын тодорхой үе шатанд гэр бүлийн үүрэг хариуцлага нэмэгдэх, өөрийн болон хань ижлийн эрүүл мэндийн байдал муудах, гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус болох, мөн түүнчлэн орон байрны нөхцөл буюу хувийн орон зай хангалтгүй байх зэрэг нийгэм эдийн засгийн хүчин зүйл ч бэлгийн амьдралд нөлөөлж байдаг.

Цэвэршилтийн насанд эмэгтэйчүүдийн 75% нь халуу оргих, шөнө хөлрөх зэрэг хам шинж ямар нэг байдлаар илэрдэг. Гэтэл бэлгийн хавьтлын сэдээлтээр ойртоход халуу оргих нь ихсэх, үүнээс болж дур булаам байдлаа алдаж байгаа мэт айдас үүсэх, залуу байхыг эрхэмлэдэг болсон өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд хөх унжих, үрчлээ нэмэгдэх зэрэг гадна төрх байдлын өөрчлөлтөнд илүү эмзэг болж байгаа. Үүн дээр нэмээд дунд насанд биеийн жин нэмэгдэх асуудал тулгарна. Хэдийгээр цэвэршилт биеийн жин нэмэгдэхэд шууд нөлөөлөхгүй ч, дунд насанд тав тухыг сонгож хөдөлгөөн багасах, олон төрлийн хоол хүнсийг хүссэн хэмжээгээр авч хэрэглэх санхүүгийн боломжтой болох, хоолны дуршил өөрчлөгдөж, хоолоор авах илчлэг нэмэгдэх нь таргалалтын гол шалтгаан болж байна. Эстроген дааврын буурал нь хэвлий орчмын таргалалтыг нэмэгдүүлдэг бөгөөд үр дагаварт нь эмэгтэйчүүд гадаад төрх, биеийн галбиртаа сэтгэл дундуур болдог.

Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дараах насны бэлгийн амьдралын сэтгэл ханамж, чанараас ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл цэвэршилтийн өмнөх насанд бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байсан эмэгтэйчүүд цэвэршилтийн дараах насанд бэлгийн амьдралд нь бэрхшээл тулгарах нь бага байдаг. Мөн нөхөр, бэлгийн хамтрагчийн бэлгийн чадавх, түүний эрүүл мэндийн байдал, эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын идэвхтэй байдал чухал нөлөө үзүүлдэг. Бэлгийн дур хүсэл буурч, өдөөгдөхгүй байх эсвэл дур тавихгүй байх зэрэг бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт нь эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн маш хүчтэй зовуурь үүсгэдэг бөгөөд үүнийг бэлгийн үйл ажиллагааны хямрал гэж нэрлэдэг. Хэрвээ таны сэтгэлийг ихээр зовоосон, түгшээсэн бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт илэрвэл мэргэжлийн эмчээс зөвөлгөө авч, боломжит эмчилгээний сонголтыг ярилцах нь зүйтэй.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1066212
Өнөөдрөөр : 445
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг