Биений юм өвдөлттэй ирэх

Огноо: 2018-06-05       Бэлтгэсэн эмч: А.Отгонтуяа       Уншсан:    


Олон эмэгтэйчүүд, охид биений юм ирэх үед өвдөж байна гэж зовуурилдаг. Биений юмны эхний өдөр эсвэл биений юм ирж байгаа үед хэвлийн доод хэсгээр базалж өвдөнө. 14-45 насны эмэгтэйчүүдийн 70%-д хэвлийн доод хэсгээр бага зэрэг өвдөх, 10%-д хүчтэй өвдөлт, биеийн ерөнхий байдалд нөлөөлж, хөдөлмөрийн чадварыг алдагдуулна. Биений юм өвдөлттэй ирэх үед 84%-д бөөлжилт, 79%-д суулгалт, 23%-д толгой эргэх, 13,5%-д толгой өвдөх, 16%-д муужрах зэрэг шинж тэмдэг дагалддаг.

Шинж тэмдэг:

Хэвлийн доод хэсгээр өвдөнө. Өвдөлт биений юмны эхний өдөр эсвэл биений юм ирэхээс 10-12 цагийн өмнөөс эхэлдэг. Өвдөлтийн шинж нь хатгах, янгинах, таталдах, базалж өвдөнө. Өвдөлт давсаг, шулуун гэдэс, бүсэлхий руу дамжина. Мөн дотор муухайрах, ходоод гэдэс хямрах, бие сульдах, цочромтгой болох, хоолны дуршил нэмэгдэх, нойргүйдэх шинж тэмдгүүд ажиглагддаг.

Илрэх байдлаар нь 3 зэрэгт хуваана.

  • Хөнгөн зэрэг – Биений юм ирэх үед богино хугацаанд хэвлийн доод хэсгээр бага зэрэг өвдөнө, бага зэрэг ядарна (идэвх сулрахгүй, хөдөлмөрийн чадвар буурахгүй).
  • Дунд зэрэг - Хэвлийн доод хэсгээр өвдөнө, мөн дотор муухайрах, бие сульдах, ядрах, толгой, чичрүүдэс хүрэх, ойр ойрхон шээх шинж тэмдэг илэрнэ. Үүнээс гадна үнэр, дуу чимээнд мэдрэг болж хөдөлмөрийн чадвар буурна.
  • Хүнд зэрэг- Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөхөөс гадна ядрах, толгой өвдөх, халуурах, бөөлжих, суулгах, судасны цохилт олшрох, зүрхээр өвдөх, муужирч унах шинж тэмдгүүд илэрнэ. Мөн идэвх суларч хөдөлмөрийн чадвараа алдана. Хүнд зэрэг нь ихэвчлэн бэлэг эрхтний төрөлхийн эмгэгтэй эмэгтэйчүүдэд тохиолддог байна.

Мөн биений юмны өвдөлтийг анхдагч, хоёрдогч гэж ангилдаг.

Анхдагч - Биений юмны өвдөлт анхны биений юм ирэх үе болон биений юм ирсэн эхний 3 жилд илрэхийг хэлнэ.

Шалтгаан:

  • Холбогч эдийн хөгжлийн дисплази
  • Бэлэг эрхтний сүрьеэ
  • Мэдрэлийн эмгэг
  • Умайн дутуу хөгжил
  • Умай арагш, урагш нугаларсан байрлал
  • Умайн гаж хөгжил (2 хөндийтэй, 2 эвэртэй умай)

Хоёрдогч - 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд тохиолдоно. Эдгээр эмэгтэйчүүдийн 30%-д хүнд, дунд хэлбэр тохиолдоно.

Шалтгаан:

  • Эндометриоз
  • Бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд
  • Умайн салстын ургацаг
  • Умай дайврын хавдар
  • Бага аарцгийн венийн өргөсөл
  • Бага аарцгийн эрхтнүүдийн наалдац
  • Умайн ерөндөг
  • Аарцгийн мэдрэлийн үрэвсэл
  • Умайн хүзүүний сорвижилт нарийсах (умайн хөндийд мэс ажиллаврын улмаас)

Эмчилгээ: 

Эмчид хандана.

  • Шинж тэмдгийн эмчилгээ
  • Шалтгааныг эмчилнэ
  • Физик эмчилгээ

Урьдчилан сэргийлэх

  • Эрүүл зөв хооллох
  • Ажил, амралтаа зохицуулах
  • Спортоор хичээллэх
  • Архи, тамхинаас татгалзах

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 889725
Өнөөдрөөр : 1167
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг