Жирэмсний эрт үеийн хордлого

Огноо: 2018-06-05       Бэлтгэсэн эмч: Л.Хулан       Уншсан:    


Жирэмсний хордлого нийт эмэгтэйчүүдийн талаас илүү хувьд нь илэрдэг. Эхийн гэдсэнд орсон хортой бодисоос үр хөврөлийг хамгаалах нөлөө гэж жирэмсний хордлогыг үздэг. Жирэмсний эрт үеийн хордлогын шалтгаан бүрэн дүүрэн тогтоогдоогүй байгаа боловч жирэмсэн үед эмэгтэй хүний биед гардаг физиологийн олон өөрчлөлтүүдийн хавсарсан нөлөөнөөс болдог гэж таамагладаг.

Жирэмсэн эмэгтэйд ихэвчлэн өглөөгүүр дотор эвгүйрэн, огиулах шинж илэрнэ. Хоолонд дургүй болох, давстай хоолонд дурлах зэргээр хоол идэх дуршил өөрчлөгдөнө. Жирэмсэн үед дотор эвгүйрч бөөлжис цутгах нь ямар нэгэн шалтгаангүй байдаг.

Шалтгаан:

  • Дааврын өөрчлөлт – жирэмсэн үед цэлмэнгийн гонадотропин, эстроген, прогестерон болон тироид дааврын өөрчлөлт, цусан дахь чихрийн багасалттай холбоотойгоор ходоод, гэдэсний булчингийн агшилт өөрчлөгдсөний улмаас дотор эвгүйрэх, бөөлжих шинж илэрдэг.
  • Хоол боловсруулах замын эмгэг – helicobacter pylori нянтай эмэгтэй жирэмлэсэн үед дотор эвгүйрэх, бөөлжих шинж илүүтэй илэрнэ.
  • Сэтгэц –нийгмийн нөлөөлөл- гэр бүлийн орчин нөлөөлнө. Мөн жирэмслэхээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэж байсан, толгой таллаж өвдөх өвчтэй эмэгтэй жирэмслэвэл дотор эвгүйрэх, бөөлжих шинж илүүтэй илэрнэ.

Энэ шинж тэмдгүүд хөнгөн болон дунд зэргээр илэрвэл таны хүүхдийн өсөлт хөгжилтөнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Хэрэв та жирэмсний эхний гурван сарын хугацаанд жин нэмээгүй бол санаа зовсоны хэрэггүй. Эрт үеийн хордлого багасаж арилахын хэрээр хоолны дуршил сайжирч биеийн жин нэмэгдэж эхлэх болно. Бөөлжилт хүнд хэлбэрээр болон удаан хугацаагаар үргэлжилвэл дутуу төрөх, ургийн жин бага байх эрсдэл өндөр болдог.


Дараах тохиолдолд эмнэлгийн тусламж зайлшгүй үзүүлнэ:

  • Эмчийн өгсөн зөвлөгөө үр дүнгүй байвал
  • Ямар нэгэн шингэн хэрэглэхгүй 24 цагаас дээш хугацаа өнгөрвөл
  • Бөөлжилт нь халууралт, хэвлийн ба толгойн өвдөлт зэрэг шинжтэй хавсарвал
  • Шингэн алдалтын шинж /сульдах, халуурах, суулгах, хэвлийгээр өвдөх, толгой эргэх, ядрах/ илэрвэл.

Хооллолтын дэглэм

  • Хэт өлсөхгүй, хэт цадахгүйгээр ойр ойрхон, бага багаар хооллоно.
  • Халуун ногоо, өөх тос ихтэй, хурц үнэртэй хоол хүнс хэрэглэхээс зайлсхийх
  • Нүүрс ус, уураг агуулсан /жигнэмэг, шарсан талх, төмс, цагаан будаа, дессерт, хар шөл, жимсний цай ..... / хоол хүнс хэрэглэнэ.
  • Бөөлжихгүйн тулд хоол идэхийн хооронд шингэн зүйл бага, багаар ууна.
  • Дотор муухайруулдаг үнэртэй хоол хүнснээс аль болох зайлсхийгээрэй. Жирэмсний хугацааны хоолны хэрэглээндээ аль болох үнэр багатай, дотор муухайрах шалтгаан болохооргүй хүнсийг сонгохыг зөвлөж байна. Бантан, зутан шөл зэрэг нь эрт үеийн хорлогын үед тохиромжтой. Мөн хоолыг хөргөж бүлээн болгож хэрэглэхийг хичээгээрэй. Учир нь хоол халуун байхдаа илүү хурц үнэртэй байдаг.
  • Удаан шингэдэг тослог ихтэй хүнснээс татгалзаарай. Мөн шарсан хуурсан, халуун ногоотой болон хүчиллэг хүнс нь хоол боловсоруулах эрхтнүүдийг цочроох нөлөө үзүүлдэг.
  • Хоол ундтай холбоогүй зарим хүчин зүйлүүд тухайлбал бүгчим халуун орчин, үнэртэй усны хурц үнэр, машин жолоодох, анивчсан болон хурц гэрэл зэрэг нь дотор муухайралтыг өдөөж болзошгүй. Өдөөгч хүчин зүйлсээс зайлсхийх нь эмчилгээний чухал хэсэг болно гэдгийг санаарай.

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 889725
Өнөөдрөөр : 1155
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг