Биений юмны өмнөх хам шинж

Огноо: 2018-06-05       Бэлтгэсэн эмч: А.Отгонтуяа       Уншсан:    


Биений юмны өмнөх хам шинж гэдэг нь биений юмны өмнө 2-14 хоногт үүсч биений юм ирмэгц алга болдог бие махбод болон сэтгэцийн хямралыг хэлнэ. Энэ нь биений юм ирдэг 15-49 насны 4 эмэгтэй тутмын 3-т ажиглагддаг байна.

Биений юмны өмнөх хам шинж нь үечилсэн шинж чанартай бөгөөд 1 сард илэрхий шинж тэмдэг илэрч байхад зарим сард илрэхгүй байж болдог. Биений юмны өмнөх хам шинжийн үед илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдийг дараах байдлаар ангилдаг.

  • Мэдрэл сэтгэцийн өөрчлөлт-цочромтгой болох, сэтгэл гутрал, амархан уйлах, амархан уурлах. Залуу эмэгтэйчүүдэд ихэвчлэн сэтгэл гутрал, ахимаг насны эмэгтэйчүүдэд ихэвчлэн амархан уурлах шинжээр илэрдэг.
  • Хавагнах - Хөх хатуурч томрох, эмзэглэлтэй болох, нүүр хавагнах, хөл, гарын хуруу хавагнах мөн хөлрөх, үнэрт мэдрэмтгий болох.
  • Толгойн өвдөлт - толгой лугшиж өвдөнө, өвдөлт нүдний ухархай руу дамжина, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг дагалдана, артерийн даралт өөрчлөгдөхгүй.
  • Зүрхээр өвдөх - цээжин дээр дарж өвдөнө, артерийн даралт ихсэнэ, зүрх дэлсэнэ, үхлээс айх шинж тэмдгээр илэрнэ. Их төлөв орой, шөнийн цагаар, стресс ихтэй, халдварт өвчнөөр өвдсөн үед илрэх ба их хэмжээгээр шээсний дараа зүгээр болно.
  • Бусад нийтлэг биш шинж тэмдгүүд.

Биений юмны өмнөх хам шинжтэй эмэгтэйчүүдийн 94%-д цочромтгой болох, 87 %-д хөх хатуурч эмзэглэх, 75%-д гэдэс дүүрэх, 69%-д амархан уйлах, 44%-д амархан уурлах, зүрх дэлсэх, 37%-д дотор муухайрах, толгой өвдөх, суулгах, биеийн жин ихсэх, артерийн даралт ихсэх, аарцгаар өвдөх, 56%-д сэтгэл гутрал, толгой өвдөх, үнэрт мэдрэмтгий болох, бие сулрах, нүүр хавагнах, хөлрөх шинж тэмдгүүд илэрдэг байна. 

Шалтгаан:

Орчин үед биений юмны хам шинжийн шалтгаан гүйцэд судлагдаагүй байна. Мэргэжилтнүүд дааврын дисбланс эсвэл бие махбодын дааварт мэдрэг байдал ихэссэнтэй холбоотой гэж үзэж байна.

Эрсдэлт хүчин зүйл:

  • Амьдралын эрчимтэй хэв маяг (ажил ихтэй, том хотод амьдардаг, байнгын стресс)
  • Эрхтэн тогтолцооны эмгэгүүд (бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, мэдрэлийн халдвар)
  • Амьдралын буруу хэв маяг (буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал)
  • Нөхөн үржихүйн асуудлууд (үр хөндөлт, зулбалт, хожуу насандаа төрөөгүй байх, ойрхон олон төрөх)
  • Эмэгтэйчүүдийн мэс засал
  • Нэг өндөгний ихэр охид
  • Тархины гэмтэл
  • Оюуны хэт их ачаалал

Эмчилгээ:

  1. Эмийн эмчилгээ
  2. Даавар эмчилгээ
  3. Эмийн бус эмчилгээ (массаж, физик эмчилгээ, рефлекс эмчилгээ)

Шинж тэмдгийг гэрийн нөхцөлд багасгах аргууд:

  • Зөв хооллох - Хоол хүнсэндээ жимс, ногоо, загас, бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэх, сахар давсыг хязгаарлах. Сахар нь мэдрэлийн системийн цочролыг ихэсгэнэ, давс нь мие махбодод шингэн хуримтлуулна.
  • Алкоголоос татгалзах - Алкогол нь витамин В1 болон эрдсийн нөөцийг үгүй хийж, нүүрс усны солилцоог алдагдуулдаг.
  • Кофейны хэрэглээг багасгах - Кофейн нь цай, кофе, коланд их агуулагддаг. Кофейн нь цочролыг ихэсгэнэ мөн хөхний өөрчлөлтийг ихэсгэнэ.
  • Мах, өөхний хэрэглээг багасгах
  • Спортоор хичээллэх - энэ нь стрессыг бууруулж эндорфины ялгаралтыг ихэсгэдэг. Гүйх, шатаар явах, унадаг дугуй унах, аэробек, усанд сэлэлтээр хичээлэх нь сайн үр дүнтэй. Долоо хоногт багадаа 3 удаа 20-30 минут дасгал хийх хэрэгтэй.

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1740
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг