ЭНДОМЕТРИОЗИЙН ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТУХАЙД

Огноо: 2018-06-05       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн        Уншсан:    



Эндометриозийн тухай ерөнхий ойлголт

  • Эндометриоз гэдэг нь төрөх насны эмэгтэйчүүдийг өвчлүүлдэг өргөн тархсан, хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг архаг өвчин юм.
  • Эндометриозын үед олон төрлийн шинжүүд илэрдгээс бэлгийн харьцааны үед болон биений юм ирэх үед хэвлийн доод хэсгийн өвдөлт хамгийн олонтаа ажиглагддаг.
  • Өвчний шинж тэмдэг өвөрмөц бус байх нь оношлогоо оройтох, эмчилгээ хожуу эхлэхэд хүргэдэг.
  • Эндометриозын эмчилгээнд мэс заслын аргууд, эмийн бэлдмэлүүд хэрэглэгддэг ч тогтсон нэгдмэл арга одоогоор байхгүй байна.
  • Эндометриозтай холбоотой ноцтой асуудлыг шийдэхэд үр дүнтэй, аюулгүй, удаан хугацаанд хэрэглэх боломжтой, зохимжтой эмийн эмчилгээ хэрэгтэй.

Эндометриозын тархалт

Эндометриозыг умайгаас гадна эндометритэй төстэй (“эндометрийн голомтууд”) эд ургаж, архаг үрэвсэл үүсгэдэг эмгэг гэж тодорхойлж болно. Эндометриоз нь төрөх насны эмэгтэйчүүдийн дунд өргөн тархсан өвчин юм. Эмэгтэйчүүдийн 5-10% эндометриозаар өвчилдөг гэж үздэг. Эндометриозын зөв оношийг дан ганц шинж тэмдэг дээр үндэслэн тогтооход төвөгтэй. Эндометриозын үед илрэх нийтлэг шинжүүд өвөрмөц бус, бусад өвчний шинжүүдтэй төстэй байдаг учир оношийг зөв тогтооход нэлээд цаг алддаг. Баттай онош тавьдаг оношлогооны “алтан стандарт” нь хэвлийн хөндийн дурангийн мэс засал юм. Гэвч энэхүү арга нь бүх өвчтөнд тохирдоггүй. Эндометриозын эмчилгээний сонгомол аргад мэс заслын эмчилгээ ордог боловч мэс заслын дараа өвчин дахих нь олонтаа тохиолддог.

Үр дүнтэй нь батлагдсан эмийн эмчилгээний бэлдмэлүүд:

Тухайлбал гонадотропин-рилизинг гормон (ГнРГ)-ы агонист, даназол ба зарим прогестинууд шинж тэмдгийг багасгаж болох боловч тэдгээрийн зохимжтой байдал, аюулгүй байдал хангалттай сайн биш учир тэдгээрийг удаан хэрэглэх боломжийг хязгаарладаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд үр дүнтэй, аюулгүй, зохимж сайн, удаан хугацаанд хэрэглэх боломжтой эмийн эмчилгээ нь Визанна юм.

Визанна бол 19-норпрогестин ба прогестероны уламжлалын фармакологийн шинж чанарыг хослуулсан учир эндометроид эдэд илэрхий нөлөө үзүүлдэг онцгой чанартай прогестин юм. Визанна нь эндометриозын үед хэрэглэхэд эндометриозын үеийн өвдөлтийг мэдэгдэхүйц багасдаг. Визанна бэлдмэлийн эмчилгээний үр дүн орчин үеийн стандарт эмчилгээтэй (ГнРГ агонист) дүйцэхүйц үр нөлөөтэй бөгөөд аюулгүй байдал болон зохимжийн хувьд таатай шинжүүдтэй тул түүнийг удаан хугацаанд хэрэглэх боломжтой юм.

Эндометриоз ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд гол төлөв 25-30 насанд оношлогддог боловч өвчин арай илүү залуу насанд эхэлж болно. Сүүлийн жилүүдэд эндометриоз өсвөр насны охидод оношлогдох болсон. Эндометриозын тархалт эмэгтэйчүүдийн зарим бүлэгт, тухайлбал биений юмны үед өвдөх зовуурьтай (40-60%), хэвлийн доод хэсгийн өвдөлттэй(75%) өвчтөнд илүү өндөр байна. Ихэнх эмэгтэйд үр дүнтэй эмчилгээ хийгдээгүй тохиолдолд шинж тэмдэг гүнзгийрч, эндометриозын явц хүндэрдэг. Өвчний шинжүүд залуу насанд илрэх нь өвчний явц илүү хүнд байгааг заана.

Эндометриозын оношлогоо

Эндометриозын нийтлэг шинжид биений юм ирэхийн өмнө болон ирэх үед хэвлий, ууц нуруугаар өвдөх, бэлгийн харьцааны үед өвдөх, хэвлийн доод хэсгийн байнгын тархмал өвдөлт зэргийг оруулдаг (хүснэгт 1). Эдгээр шинжүүд хавсрах нь олонтаа тохиолддог. Мөн түүнчлэн эндометриоид голомтуудын байрлалаас хамааран гэдэс, давсаг ба булчингийн эдийн үйл ажиллагаа алдагдаж болно.

Хүснэгт 1: Эндометриозын шинжүүд

 Нийтлэг шинжүүд:  Дисменорея 
 Менструацийн өмнөх өвдөлт 
 Диспареуния 
 Хэвлийн доод хэсгийн тархмал\архаг өвдөлт 
 Бусад шинжүүд:  Гэдэс эсвэл давсагны үйл ажиллагаа алдагдсан   шинжүүд (ихэвчлэн сарын тэмдгийн үед) 
 Нурууны өвдөлт 
 Удаан хугацаанд ядарч, сульдах 
 Үргүйдэл 
 Тайлбар:  Зарим эмэгтэйд эндометриоз шинж тэмдэггүй явагддаг 


Өвчний илрэл янз бүр байдагтай холбоотойгоор эхний шинж илрэх болон зөв онош тавигдах хооронд их хугацаа өнгөрдөг. Олон улсын хэмжээнд оношийг тодорхойлох хугацаа оройтох нь дунджаар 8.3 жил байна. Эндометриоз үргүйдэлтэй хавсарсан байж болох ба энэ эмгэгтэй эмэгтэйчүүдийн ойролцоогоор 25-40%-д тохиолддог.

Орчин үеийн эмчилгээний боломжууд

Эндометриозыг бүрэн дүүрэн эмчлэх боломжгүй. Эмчилгээний зорилго нь өвдөлт болон бусад шинжүүдийг арилгах, багасгах, эндометриоид гэмтлийн хэмжээг багасгах, өвчтөний амьдралын чанарыг сайжруулахад оршино. Эндометриозын үед эмийн эмчилгээний янз бүрийн хувилбарууд, мэс заслын эмчилгээ эсвэл тэдгээрийг хослуулан хэрэглэдэг боловч эндометриозтай нийт өвчтөнд тохирсон “туйлын сайн” эмчилгээний арга хараахан үгүй байна. Эмчилгээний аргыг шинж тэмдгийн үндсэн дээр өвчтэй эмэгтэй бүрийн хэрэгцээнд тохируулан сонгох хэрэгтэй.

Мэс заслын эмчилгээ

Эндометриозын эмчилгээнд мэс заслын эмчилгээг өргөн хэрэглэдэг. Лапароскопийн мэс засал эмчилгээнд эндометриозын голомтыг зүсч авах эсвэл аблаци буюу түлж авах, эндометриоид уйланхайг авах ба наалдацыг салгах аргууд ордог. Мэс засал эмчилгээний дараа ихэвчлэн эмийн эмчилгээ хийгдэнэ.

Эндометриоз нь мэс заслын дараа эмийн эмчилгээ хийхгүй бол олонтаа дахидаг (тухайлбал, 5 жилийн туршид дахих давтамж ойролцоогоор 40-50% байдаг) эмгэг юм.

Эмийн эмчилгээ

Эндометриозын үед эмийн эмчилгээний янз бүрийн хувилбарыг хэрэглэдэг. Үүнд:

  • Эндометриозын эмчилгээнд хэрэглэхээр батлагдаагүй, эсвэл заалтаар бус хэрэглэдэг өвөрмөц эмчилгээ (дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг эм, жирэмснээс сэргийлэх хавсарсан бэлдмэл уухаар хэрэглэх)
  • Эндометриозын эмчилгээнд хэрэглэхийг зөвлөсөн өвөрмөц эмчилгээ (гонадотропин-релизинг гормон эсвэл ГнРГ-ны агонист, даназол ба зарим прогестин)

Өвөрмөц бус эмчилгээ

Дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг бэлдмэл

Дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг бэлдмэлүүд эндометриозын үед өвдөлтийг намдаах нөлөө үзүүлнэ. Гэвч бусад эмүүдтэй харьцуулахад дааврын бус гаралтай зарим үрэвслийн эсрэг эмүүдийн давуу байдлыг харуулсан шинжлэх ухааны баталгаа үгүй байгаа юм. Дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг эмийг хэрэглэхтэй холбоотой хоол боловсруулах эрхтний талаас гарах гаж нөлөө нь бидний санааг зовоодог.

Жирэмслэлтээс сэргийлэх уухаар хэрэглэгддэг эмүүд

Эндометриозын үед даавар эмчилгээ эстрогены умайд үзүүлэх нөлөөг дарангуйлах үндсэн механизмаар үйлчилнэ. Энэ утгаар эстрогеныг эмчилгээнд хэрэглэхэд эерэг нөлөө үзүүлж болно хэмээн таамаглаж болно. Гэхдээ жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэлийн найрлаганд ордог эстроген өвчин даамжирхад нөлөөлж болох талаар маргаан эрдэмтэн судлаачид санал зөрүүтэй байдаг.

Өвөрмөц эмчилгээ

Даавар эмчилгээ:  Дааварт мэдрэг байх тул даавар эмчилгээнд эндометриоид голомтуудад атрофийн өөрчлөлт явагддаг. Эндометриозын эмчилгээнд хэрэглэхийг зөвлөсөн дааврын бэлдмэлд ГнРГ агонист, андроген (даназол) ба зарим прогестиныг оруулдаг. Янз бүрийн оронд эндометриозын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн ГнРГ ба прогестины жагсаалт өөр өөр байж болно.

  • ГнРГ агонист - Өвдөлтийг багасгах идэвх нь өндөр байдагтай холбоотойгоор ГнРГ агонистууд эндометриозын эмчилгээний “алтан стандарт”-д тооцогддог боловч гаж нөлөөтэйн улмаас тэдгээрийн хэрэглээ хязгаарлагддаг. ГнРГ агонистууд эстрогены үүсэлтийг хүчтэй дарангуйлах замаар эндометриоид голомтуудад атрофи үүсэхэд нөлөөлж, аменорея үүсгэнэ. Мөн эстрогены дутагдлын нийтлэг шинжүүд болох нүүр халуун оргих, үтрээ хуурайших, либидо буурах, яс сийрэгжих эрсдлийг нэмэгдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор эстроген нөхөх эмчилгээ хийгээгүй тохиолдолд ГнРГ агонистын хэрэглэх хугацаа 6 сараар хязгаарлагддаг. Хэдийгээр эстроген эмчилгээ хийснээр ГнРГ агонист эмчилгээг илүү удаан үргэлжлүүлэх боломжтой болдог ч эмчилгээний хамгийн зохистой схем боловсрогдоогүй байна.
  • Даназол - Даназол нь эндометриозын шинж тэмдгийн эмчилгээнд үр дүнтэй андроген стероид юм. Гэвч энэ бүлгийн бэлдмэлүүдийн липидын солилцоонд нөлөөлдөг, биеийн жин нэмэгддэг, хавагнадаг, батгаших, үтрээ хуурайших, үе үе халуун оргих, арьсны тослог нэмэгдэх, үсэрхэгших зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ба элэг хордуулах нөлөөтэй зэрэг нийтлэг гаж нөлөөтэй холбоотой түүний хэрэглээ хязгаарлагддаг. Эдгээр гаж нөлөөтэй холбоотойгоор олон оронд даназолын оронд шинэ бэлдмэл хэрэглэх болсон байна.
  • Прогестинууд - Прогестинууд эндометриозын эмчилгээнд олон 10 жилийн туршид хэрэглэгдсээр ирсэн боловч тэдгээрийн ихэнх нь энэ өвчний эмчилгээнд зориулан гаргаж авсан бэлдмэл биш юм. Эдгээр бэлдмэлийн ихэнх нь хяналттай судалгааны (тухайлбал, плацебо хяналттай) үр дүнд гарсан баталгаан дээр бус, харин дан ганц эмнэлзүйн туршлага дээр үндэслэн эндометриозын эмчилгээний үр дүнтэй бэлдмэлд хүлээн зөвшөөрөгдсөн. Олон бэлдмэлийн хувьд эмнэлзүйн баттай мэдээ баримт хангалтгүйн улмаас нэг прогестиныг нөгөө прогестинээс илүү гэж сонгон хэрэглэхэд төвөгтэй. Диеногест нь Визанна бэлдмэлийн идэвхтэй бодис бөгөөд эндометриозын эмчилгээнд хэрэглэдэг бодисын хувьд сайн судлагдаж, эмнэлзүйн судалгааны өргөн хөтөлбөрөөр үр дүнтэй нь батлагдсан цорын ганц уухаар хэрэглэгддэг прогестин юм.

“Прогестинууд эндометриозтай холбоотой хэвлийн доод хэсгийн өвдөлтийг түр зуур багасгах, аюул багатай бэлдмэлийн үйлчлэлтэй харьцуулж болохуйц өндөр идэвх үзүүлж байна”.


ВИЗАННА: ЭНДОМЕТРИОЗЫГ ЭМЧЛЭХЭД ЗОРИУД ГАРГАЖ АВСАН БЭЛДМЭЛ

Визанна гэж юу вэ?

Визанна гэдэг нь эндометриоид эдэд илэрхий нөлөө үзүүлдэг, эндометриозыг эмчлэхэд тусгайлан боловсруулан гаргаж авсан, эндометриозын өвөрмөц эмчилгээний бэлдмэл юм. Визанна 2 мг диеногестыг агуулсан өдөрт 1 удаа уухад зориулагдсан шахмал хэлбэртэй үйлдвэрлэгддэг.

Визанна хэрхэн үйлчилдэг вэ?

Визанна нь эндометриозын голомтын гэмтлийн талбайг нэлээд багасгаж байгааг лапароскопи хэрэглэсэн судалгаанууд харуулсан. Мөн Визанна бэлдмэл нь өвдөлт болон эндометриозын тамирдуулдаг шинж тэмдгийг тогтвортой арилгадаг эмийн эмчилгээний альтернатив арга юм. Эмчилгээтэй холбоотой гаж нөлөө ховор илэрдэг, ихэвчлэн хөнгөн буюу бага зэрэг илэрдэг.

Визанна бэлдмэлийн хоруу чанар

Бэлдмэлийн тунг давтан хэрэглэхэд илрэх хорт нөлөө, удамд нөлөөлөх, хавдар үүсгэх болон нөхөн үржихүйд нөлөөлөх талаар хийгдсэн стандарт судалгааны үндсэн дээр гарсан тоо баримт хүнд тусгай эрсдэл үзүүлэхгүй гэдгийг гэрчилж байна. Гэвч бэлгийн стероидууд зарим даавраас хамааралт эд болон хавдрын өсөлтийг дэмжиж болно гэдгийг санах хэрэгтэй.

Диеногестыг хэрэглэн цочмог хордлогоор хийсэн судалгаанд эмчилгээний хоногийн тунг санамсаргүй олон удаа хэрэглэсэн тохиолдолд хурц гаж нөлөө гараагүй.

Визанна бэлдмэлийн гаж нөлөө

Эмнэлзүйн судалгаанд Визанна бэлдмэлийг хэрэглэх явцад өвчтөнүүдийн хамгийн олонтаа мэдээлсэн гаж нөлөөнд толгой өвдөх(9.0%), хөхөөр эмзэглэх (5.4%), бие хүндэрч нозоорох (5.1%), батгаших (5.1%) зэргийг дурдсан байна. Прогестиныг удаан хугацаанд хэрэглэхэд эндометрийг регресст хүргэдэг тул умайн тогтмол бус, их хэмжээний цус алдалт, ялангуяа эм хэрэглэсэн эхний 7 хоногийн хугацаанд ажиглагддаг. Визанна бэлдмэлийг хэрэглэх явцад мөн түүнчлэн цусархаг ялгадас гарах, эсвэл биений юм ирэхгүй болох зэрэг шинж илэрч болно.

Өвчтөн хэр удаан хугацаанд Визанна бэлдмэлийг хэрэглэж болох вэ?

Визанна бэлдмэлийг уртасгасан судалгаанд 15 сарын турш хэрэглэхэд аюулгүй байдал болон зохимжийн хувьд сайн байхын зэрэгцээ шинж тэмдэг тууштай багасч байгаа нь харагдсан.

Визанна бэлдмэлийг хэн хэрэглэж болохгүй вэ?

Визаннаг анхны биений юм үзээгүй охидод хэрэглэж болохгүй. Өсвөр насныханд (18 нас хүртэл) Визанна бэлдмэлийн аюулгүй байдал болон үр нөлөө тогтоогдоогүй. Настанд Визанна бэлдмэл хэрэглэх заалт үгүй байна. Визанна бэлдмэл прогестины гаргалтай гэдгийг харгалзан прогестиныг уухаар хэрэглэхтэй холбоотой тусгай заавар, болгоомжлол энэ бэлдмэлд мөн л хамаарна гэж таамаглаж болно. Зарим прогестины андроген нөлөөтэй холбоотой анхааруулга Визанна бэлдмэлд хамаарахгүй.

Визанна бэлдмэлийг хэрэглэх явцад эдгээр байдлын аль нэг нь илэрсэн тохиолдолд эмчилгээг шууд зогсоох шаардлагатай:

  • Венийн хурц тромбоэмболийн хүндрэл
  • Артерийн цусны эргэлтийн дутагдал, зүрх судасны өвчнүүд одоо болон анамнезд байх (тухайлбал, зүрхний шигдээс, тархины цусны эргэлтийн алдагдал, зүрхний ишеми өвчин)
  • Судас гэмтсэн чихрийн шижин
  • Элэгний хүнд өвчнүүд одоо эсвэл анамнезд байх (элэгний үйл ажиллагаа хэвийн хэмжээнд очих хүртэл)
  • Одоогоор эсвэл анамнезд элэгний хавдар оношлогдсон (хортой эсвэл хоргүй)
  • Даавар хамааралт хорт хавдар батлагдсан ба сэжиглэсэн
  • Үтрээний шалтгаан тодорхой бус цус алдалт
  • Идэвхтэй бодисонд эсвэл аль нэг нэмэлт бодисонд хэт мэдрэг байх

Визанна бэлдмэлийг жирэмсэн үед санамсаргүй хэрэглэхэд эрсдэлтэй юу?

Диеногестыг жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн тухай мэдээлэл хязгаарлагдмал байна. Диеногестыг жирэмсэн үед хэрэглэсэн тухай тоо баримт болон амьтан дээр хийсэн судалгааны үр дүн жирэмсний явц, үр хөврөл болон ургийн хөгжил, төрөлт болон төрсний дараах хөгжил зэргийн хувьд хүнд өвөрмөц эрсдэлгүй гэдгийг гэрчилж байна.

Нөхөн үржихүйн хор судлалын талаарх судалгаанууд урагт ямар нэгэн тератоген нөлөө үзүүлсэн тухай дурдаагүй байгаа юм. In vitro болон in vivo Wistar харх болон хулгана дээр хавдар үүсгэх талаар хийгдсэн судалгааны үр дүн бэлдмэлийн мутаген болон канцероген идэвхийн талаар шинжлэх ухааны баталгаа гараагүй байна.

Гэвч Визанна бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэж хэрэггүй, учир нь жирэмсэн үед эндометриозыг эмчлэх шаардлагагүй.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1066212
Өнөөдрөөр : 443
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг