Спираль буюу ерөндөг гэж юу вэ?

Огноо: 2017-12-06       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан:    


Спираль буюу ерөндөг нь жирэмснээс урт хугацаагаар хамгаалах аргад ордог бөгөөд дотроо маш олон төрөлтэй. Монголд даавартай, алттай, мөнгөтэй, зэстэй гээд олон төрлийн ерөндөг байдаг. Мөн охидын ерөндөг гэж бий. Т ерөндөг нь хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой.

Охидын ерөндгийг залуу охид бүсгүйчүүд, төрөөгүй болон кесарево хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд зориулсан. Ганификс буюу булчинд суулгадаг ерөндгийг сарын тэмдэг их хэмжээгээр ирдэг болон ерөндөг нь унаад байдаг бүсгүйчүүдэд тавьдаг. Умайн хүзүүний улайлттай, үтрээний үрэвсэлтэй эмэгтэйчүүд эмчилгээ хийлгэсний дараа ерөндөг тавиулах хэрэгтэй. Ер нь хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах аргууд төрөл бүрээр маш олон болсоор байгаа учраас эмчид үзүүлсний дараа өөрт тохирсон зөв аргаа сонговол сайн. Сонголтоо хийхдээ давуу болон сул талын талаар ойлголттой болохын тулд эмчээсээ сайтар лавлаж асуу. Эмч бол туслах, чиглүүлэх үүрэгтэй болохоос биш тэр аргыг л хэрэглэ энэ аргыг л сонго гэж хэлэх эрхгүй.

Умайн ерөндөг нь жирэмснээс хамгаалах хамгийн тохиромжтой арга юм. Сүүний ялгаралтанд ямар ч нөлөө үзүүлдэггүй бөгөөд 95% найдвартай үйлчилдэг. Улмаар хүндрэлгүй төрсөн тохиолдолд бусад цээр үгүй тохиолдолд 6 долоо хоногийн дараанаас тавих боломжтой байдаг. Тавиулснаас хойш хагас жил тутам эмчид үзүүлж, спиралийг хөдөлгөөнд орохоос сэргийлж байх ёстой.

Ерөндөг нь зэс мөнгө алт гэх мэт байгалийн металлууд агуулсны учир нь тэдгээр металлууд хүний биед үүсэх үрэвслийн процессыг бууруулах төдийгүй эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулах үйлчилгээ үзүүлдэг. Даавар агуулсан ерөндгийг жирэмснээс хамгаалахаас гадна эмчилгээний зорилгоор ашигладаг.

Үйлчлэх механизм

  • Умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг саатуулна.
  • Өндгөн эсийн амьдрах хугацааг бууруулна.
  • Үр хөврөл умайн салстанд бэхлэгдэхийг саатуулдаг.
  • Даавар агуулсан ерөндөг нь умайн хүзүүний салиаг өтгөрүүлснээр эр бэлгийн эс умайн хүзүүгээр нэвтрэхийг саатуулдаг
  • Өндгөн эс боловсрох үйл явцыг дарангуйлдаг

Давуу тал:

  • Бэлгийн харилцаанд саад болохгүй
  • Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалдаг (5 жил)
  • Хямд төсөр, эдийн засгийн хувьд хэмнэлттэй
  • Хүссэн үедээ авахуулж болох ба авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ.
  • Ямарч эм тариатай харшлахгүй.
  • Хөхүүл эхчүүд хэрэглэж болно.
  • Цэвэрших хүртэл хэрэглэж болно.

Сул тал:

  • БЗДХ, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй.
  • Ерөндөг нь умайгаас унаж болно.
  • Үтрээ болон бага аарцгийн хөндийн үрэвсэлтэй үед ерөндөг тавиулснаас үрэвсэл сэдрэх.
  • Ерөндөг тавих үед бага зэрэг цус гарч, хэвлийн доод хэсгээр базалж өвдөж болно.
  • Сарын тэмдэг их хэмжээтэй, өвдөлттэй ирэхээс гадна сарын тэмдгүүдийн хооронд цусархаг ялгадас гарч болзошгүй.
  • Эхний 3 сард биений юм их хэмжээтэй, удаан хугацаагаар, бага зэрэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
  • Заавал мэргэшсэн эмч, дадлага туршлагатай эх баригч нар тавих болдог.
  • Ерөндгийг тавьж, авахад өвдөлттэй.

Ерөндгийг хэзээ тавиулж болох вэ?

  • Сарын тэмдгийн 3-5 дахь хоногт тавина.
  • Умайн хүзүүнд улайлт үүсээгүй, үтрээний наацын шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлт илрээгүй үед

Хэрэглэж болохгүй тохиолдол:

  • Жирэмсэн байж болзошгүй
  • Умайгаас тодорхой шалтгаангүй цус алдаж байгаа
  • Бага аарцгийн эрхтний үрэвсэлтэй эсвэл саяхан өвчилсөн /сүүлийн 3 сард/ буюу уг өвчин сэдэрсэн
  • Умайн хүзүү, умайн салстын ба өндгөвчний хорт хавдартай
  • Үтрээний үрэвсэлтэй

Ерөндөг тавиулсан эхний 7 хоногт хориглох зүйлс:

  • Бэлгийн харьцаанд орохгүй байх
  • Хүнд юм өргөхгүй байх (фитнесийн хүч шаардсан дасгал г.м)
  • Ванн, саун, бассейнд орохгүй байх (шүршүүрт орж болно)

Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ирж зөвлөгөө аваарай

  • Биений юм саатах
  • Биений юм удаан хугацаагаар үргэлжлэх, цус их хэмжээгээр гарах, биений юмны хооронд цусархаг зүйл үзэгдэх
  • Бэлгийн хавьтлын үед өвдөх
  • Үтрээнээс хэвийн биш ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, халуурах (энэ нь халдвар авсан байж болох юм)
  • Утас тэмтрэгдэхгүй, богиноссон эсвэл уртассан байвал цаг алдалгүй эмчид үзүүлнэ. 



Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 890918
Өнөөдрөөр : 1735
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг