Эмэгтэйчүүдийн цэвэршилт

Огноо: 2016-02-05       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн        Уншсан: 5096    


Цэвэршилт гэдэг нь ахимаг насны эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаа буурсантай холбоотой бэлгийн даавруудын ялгарал эрс багассанаас үүдэн ерөнхий бие махбодын болон нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүдийн бүтэц үйл ажиллагааны өөрчлөлтөөр илрэх физиологийн үйл явц юм.

Энэ нь удамшлын зүй тогтолтой холбоотой хүний бие махбодод явагддаг насжилтын өвөрмөц үе шат юм. Хүний наслалт уртасч буй өнөө үед эмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг эстроген дааврын дутагдалтай нөхцөлд өнгөрүүлдэг.

Мөн эмэгтэйчүүдийн наслалт уртсахын хэрээр цэвэршилтийн ба цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн тоо олширч, наснаас хамааралтай, эстроген дутагдлаар нөхцөлдөн илэрдэг хямралууд болон тэдгээрийн хүндрэлийн давтамж нэмэгдэх хандлагатай тул энэ насныханд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө зайлшгүй шаардлагатай байна.

Бэлгийн даавруудын дутагдлын суурин дээр явагдах цэвэрших үеийн өвөрмөц өөрчлөлтүүд эмэгтэй хүний насжилтын явцад аяндаа зүрх судас, яс, мэдрэлийн эрхтэн тогтолцоонуудын эмгэг өвчин болон хүндрэх нь элбэг байдаг. Иймээс цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд орчин үеийн орлуулах даавар эмчилгээг түлхүү хэрэглэж байгаа бөгөөд энэ нь тэдний амьдралын идэвхтэй чанар ба хөдөлмөрлөх чадварыг хадгалж, урт наслах нөхцөлийг нь бүрдүүлдэг.

Эмэгтэйчүүдэд 45-55 насанд цэвэршилт нь тодорхой үе шаттайгаар явагддаг бөгөөд судлаачдын тогтоосноор цэвэршилтийн дундаж нас Европын эмэгтэйчүүдэд 50.9, Азийн эмэгтэйчүүдэд 49.7 байгаа ба Монгол эмэгтэйчүүдэд дунджаар 49.2 насандаа цэвэршиж байна.

Эмэгтэйчүүдийн цэвэршилт нь дотроо физиологийн ба эмгэг цэвэршилт гэсэн 2 хэлбэртэй байна.

Физиологийн цэвэршилтийн үед эмэгтэйчүүдийн нас ахих үед өндгөвчийн ажиллагаа аяндаа буурч даавар боловсруулан ялгаруулах чадвараа алддагтай холбоотой биений юм зогсч цэвэршинэ. Энэ нь эмэгтэйчүүдийн яс үндэс, арьсны өнгө, хоол тэжээллийн өвөрмөц байдлаас онцын хамааралгүйгээр 45-55 насанд цэвэршилт байгалийн жамаараа явагдана. Бэлгийн даавруудын хямрал бууралттай холбоотойгоор энэ үеэс эхлэн биений юмний мөчлөг алдагдаж улмаар зогсох хүртлээ 4-4.5 жил үргэлжилнэ. Биений юм 1-2 сараар саатах, мөчлөгийн хугацаа уртсах, биений юм удаан үргэлжлэх, цус алдах эсвэл биений юмны хэмжээ эрс багасах байдлаар илэрч болно.

Цэвэршиж байгаа эмэгтэйчүүдийн 5-10% нь ямар шинж тэмдэггүй, биений юмны мөчлөгийн хямралгүйгээр биений юм зогсож цэвэршдэг.

Биений юм зогссоноос хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд цэвэршсэн гэж үзнэ. Эмэгтэйчүүдийн биений юм зогсч цэвэрших дундаж нас 48-51 байна.

Тамхи татдаг, огт төрж байгаагүй, умай авах мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүд харьцангуй эрт цэвэршдэг.

Эмгэг цэвэршилт нь хэт эрт болон хэт хожуу цэвэрших байдлаар илэрдэг. Хэт эрт цэвэрших нь 41-45 насанд биений юм зогсч цэвэрших үеийн өөрчлөлтүүд илрэхийг хэлнэ. Эрт цэвэрших шалтгаанд удамшлын онцлогоос гадна сэтгэл санааны хэт цочрол, биеийн жин алдаж турах, зарим хүнд өвчнүүд, мэс засал, гэмтэл, хорт зуршил /архи, тамхины хэрэглээ их байх/ зэрэг болно.

Хэт эрт цэвэршилтийн үеийн өөрчлөлтүүд нь физиологийн цэвэршилтээс илүү хурдацтай, хүнд явцтай илрэх ба зүрх судасны өвчин, ясны сийрэгжилтийн эрсдэл илүү их байх тул энэ үед даавар орлуулах эмчилгээг эрт эхлэх нь чухал байдаг.

Хожуу цэвэршилт нь 56 наснаас дээш насанд биений юм зогсохыг хэлнэ. Шалтгаан нь дааврын эмийг жирэмснээс хамгаалах зорилгоор удаан хэрэглэж байсан, эсвэл тухайн үед дааврын эм хэрэглэж байгаа тохиолдолд хожуу цэвэршиж болохооос гадна эмэгтэйд бодисын солилцооны гүнзгий хямрал, өндгөвчийн даавар ялгаруулдаг хавдар, умайн хавдраас цус алдах зэргийн үед илэрнэ.

Илрэх шинж тэмдэг:

• Артерийн даралт ихсэх, багасах хэлбэрээр хэлбэлзэх

• Халуу оргиж, хөлрөх

• Ядрах, хөдөлмөрийн чадвар буурах

• Нойргүйдэх

• Сэтгэл санаа тавгүйтэх, хямрах

• Цочромтгой болох

• Зүрхээр өвдөх, дэлсэх

• Бүгчимдэх

• Жихүүдэс хүрч, бие зарайх

• Арьс хуурайших

• Арьс хөрзийх, цайх, улайх

• Хавагнах

• Нүдний хараа муудах

• Сонсгол хямрах

• Ухаан балартах

• Ам цангах

• Таргалалт

• Бамбайн өөрчлөлт

• Чихрийн шижин

• Хөхний эмгэг өөрчлөлт илрэх

• Булчин, үе мөчний өвдөлт

• Бэлгийн замын салстын хатингаршил

• Бэлгийн дур хүсэл буурах

• Ой тогтоолт муудах

• Годомтгой болох

• Хоолны дуршил өөрчлөгдөх

• Шээс ойр хүрэх, шээсээ барихад хүндрэлтэй байх, ханиаж найтаах, инээх, хүнд юм өргөх үед зэрэг шинж тэмдгүүдэд сул, дунд, хүчтэй байдлаар илэрдэг.

Цэвэршилтийн насанд заавал хийгдэх шинжилгээ:

1. Эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдах

2. Умайн хүзүүний эсийн шинжилгээ

3. Цусны ерөнхий шинжилгээ

4. Цусанд сахар, тодорхойлох

5. Цусны биохимийн шинжилгээ

6. Умай, өндгөвчийн хэт авиан шинжилгээ

7. Цусны бүлэгнэлтийн шинжилгээ

8. Цусанд липидийн үзүүлэлтүүдийг тодорхойлох /холестерин, БНЛП,ИНЛП, триглицеридүүд /

9. Дааврын шинжилгээ /ФСГ, ЛГ, эстрадиол, эстрон, пролактин, ТТГ, Т3, Т4, тестостерон, андростендион/

10. Хөхний рентген шинжилгээ

11. Ясны рентген шинжилгээ /рентгеноабсорбциометри, остеоденситометри/

12. Зүрхний цахилгаан бичлэг

Эмчилгээ: Эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч даавар орлуулах эмийн эмчилгээ эхлэх хэрэгтэй эсэхийг шийднэ.

Цэвэршилтийн наны эмэгтэйчүүдийн зүгээс авах арга хэмжээ нь:

1. Амьдралын зөв хэв маягтай байх /биеийн жинг хянах, хаях, зөв хооллох, хөдөлгөөн, биеийн тамирын дасгал тогтмол хийх, хорт зуршлаас татгалзах, шаардлагатай бол дотор, дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөө авах/.

2. Стрессээс зайлсхийх /йог, бясалгал болон амьсгал зохицуулах дасгал хийх/

3. Коффейны хэрэглээг бууруулах

4. Өөрийн дуртай, таашаал авдаг зүйлээ хийх, найз нөхдөөсөө болон, гэр бүлийн гишүүдээс дэмжлэг авах

5. Амин дэм, эрдэс бодисын нэмэлт тэжээл авах

Уламжлалт эмчилгээнд зүү, төөнүүр, халуун усан жин, тосон жин, тан, бариа г.м эмчилгээ байдаг.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1310925
Өнөөдрөөр : 63
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг