Умайн хавдрын зангилааг авах мэс заслын эмчилгээ

Огноо: 2015-03-01       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан: 1349    


Хавдрын зангилааг авах хэд хэдэн зам байна: (Энэ нь хавдрын байрлал, тоо, хэмжээ зэргээс хамаарна)

1. Хэвлийн хөндийг нээн лейомиомын зангилааг хуулж авах мэс засал.

Энэ нь уламжлалт арга бөгөөд хэвлийн өмнөд хананд босоо болон хөндлөн зүслэг хийн хэвлийн хандийг нээж умайд хүрч умайн хавдрыг шулж авах мэс засал юм. Ихэвчлэн хавдрын хэмжээ том үед хийгдэнэ. Хэдийгээр лейомиомын зангилааг хуулж авах мэс засал нь эрхтний үйл ажиллагааг хадгалах боловч цус алдах эрсдэл ихтэй, умай авах мэс засалтай харьцуулахад мэс заслын явц удаан үргэлжилдэг.

Эрхтний үйл ажиллагаа хадгалах мэс засал хийхийн өмнө өвчтөнд төлөвлөгөөт мэс заслын явцад умай тайрах мэс засал хийгдэж болзошгүй нөхцөл үүсэх эрсдэл гарах талаар зөвлөгөө өгнө. Умайн лейомиомын зангилааг хуулж авах мэс заслын дараа 15%-д хавдрын ургалт дахин илрэх ба 5-10 жилийн дараа умай авах мэс засал хийгддэг. Энэ нь мэс заслын явцад хэвлийн хөндийн байдал ямар байгаа, мэс засалч эмчийн ур чадвараас хамаарна.


2. Дурангаар лейомиомын зангилааг хуулж авах.

Дурангийн мэс засал нь лейомиомын зангилааг хуулж аван хэвлийн хөндийгөөр гаргасан жижиг нүхээр чөлөөлж, умайн ханыг битүүлж оёх арга юм. Умайн хавдрын хэмжээ 3-10 см хүртэл байрлал умайн булчинд, булчингаас гадагш түрж ургасан үед дурангийн мэс засал хийнэ. Умайн лейомиомын үед дурангийн мэс засал хийснээр эмнэлэгт хэвтэх ор хоног багасах, өвчний эдгэрэлт түргэсэх ач холбогдолтой. Дурангийн мэс засал нь лейомиомын зангилааг хэвлийн хөндийд гаргасан жижиг нүхээр хэрхэн гаргах, умайн хэвийн бүтцийг хадгалах мэс засал хийх зэрэг нь эмчийн ур чадвараас ихээхэн хамаарна. Дурангийн мэс заслыг хэвлийн хөндийг нээх мэс засалтай харьцуулахад мэс заслын үргэлжлэх хугацаа удаан боловч эдгэрэлт түргэн байдаг.

 

3. Умайн хөндийгөөр лейомиомын зангилааг авах мэс засал.

Умайн салстын дороос түрж ургасан лейомиом нь умайн эмгэг цус алдалттай эмэгтэйчүүдийн 30%-д тохиолдоно. Умайг дурандах мэс заслыг салстын дороос түрж ургасан зангилаа, хөл дээр ургасан умайн лейомиомын зангилааны үед хийнэ.

Мөн салстын дороос түрж ургасан лейомиом үргүйдэл, зуршмал зулбаа, умайн эмгэг цус алдалттай хавсарвал умайг дурандах аргаар мэс засал хийнэ.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1140697
Өнөөдрөөр : 75
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг