Эндометриоз гэж юу вэ?

Огноо: 2015-03-13       Бэлтгэсэн эмч:        Уншсан: 4918    


Эндометриозтой эмэгтэйчүүдийн ихэнхэд нь хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөлт илэрснээр тэдний ажиллах чадвар, өдөр тутмын идэвхтэй байдал, хувийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Ихэвчлэн эмэгтэйчүүдэд өвдөлтийн шинж тэмдэг нь эндометриозын шалтгаантай байдгийг тааварладаггүй.

Эндометриоз яагаад үүсдэг вэ?

Эндометриоз үүсэх шалтгаан нь бүрэн гүйцэт тогтоогдоогүй. Биений юм ирэх үед эндометрийн хууларсан жижиг хэсгүүдтэй цус умайгаас үр дамжуулах хоолойгоор дамжин бага аарцгийн хөндийд хаягддаг. Үүнийг буцах биений юм гэх бөгөөд ерөнхийдөө аюулгүй. Цустай дамжин хэвлийн хөндийд хаягдсан эндометрийн хэсгүүд нь ойролцоох эрхтнүүдэд наалдаж голомтлон архаг үрэвсэл үүсгэж хүчтэй өвдөлт өгнө. Хэвийн үед дархлааны тогтолцоо хэвийн бус байрлалтай эдийг устгадаг бол эндометриозын үед эдгээр голомтыг эсрэгээр хамгаалж байдаг гэж зарим эмч нар үздэг.

Эндометриозын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Нийтлэг хам шинжүүд:

  1. Биений юмны үед хэвлийгээр хүчтэй өвдөх
  2. Биений юмны өмнөх өвдөлт
  3. Бэлгийн хавьтлын үед өвдөх
  4. Хэвлийн доод хэсгээр архаг, тархмал өвдөлт

Бусад шинжүүд:

  1. Архаг ядаргаа, бие сульдах
  2. Биений юм ихээр ирэх, мөчлөг алдагдах
  3. Биений юмны үед давсаг болон шулуун гэдэстэй холбоотой илрэх шинж тэмдгүүд

Эндометриоз өвчнийг эмчлэхэд маш төвөгтэй. Юуны өмнө танд өвдөлт үүсгэх бусад шалтгаан байгаа эсэхийг тодруулах нь чухал. Эндометриозын оношийг зөв тогтоохын тулд эмч таны гэдэс доторхыг харах шаардлагатай байдаг. Үүний тулд хэвлийд бага хэмжээний зүслэг хийж тусгай зориулалтын нарийн гуурстай дуран оруулж өвчний голомт байгаа эсэхийг хардаг. Үүнийг дурангийн оношилгоо гэдэг.

Зарим тохиолдолд эмч зөвхөн илрэх шинж тэмдгүүдийг үндэслэн эндометриозын оношийг тавьдаг. Эндометриозыг яаж эмчилдэг вэ? Эндометриоз өвчин эмэгтэй хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Тиймээс эмчилгээний аргыг эмэгтэй хүн бүрийн онцлогт тохируулан сонгоно. Өнөөдрийн байдлаар эндометриозыг төгс эмчлэх боломжгүй. Эмчилгээний зорилго нь өвдөлтийг багасгах, амьдралын чанарыг сайжруулах, эндометриозын голомтыг багасгах, дахилтаас сэргийлэх, нөхөн үржихүйн үйл ажиллагааг хадгалахад оршино.

Мэс заслын эмчилгээ: Эндометриозын голомтыг зүсч авах, түлж сорвижуулах, эндометриод уйланхай ба наалдацыг салгах аргууд ордог. Мэс заслын эмчилгээг баталгаатай онош тавих зорилгоор хийгддэг дурангийн оношилгоотой хамт хийвэл зохистой байдаг.

Эмийн эмчилгээ: Өвчин намдаах бэлдмэлүүд дааврын эмчилгээ, бусад нэмэлт эмчилгээний хэлбэрүүдийг өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэдэг. Гестаген даавар болох Диеногестыг агуулсан бэлдмэл шинээр гарсан бөгөөд энэ нь эндометриозыг эмчлэхэд зориулагдан тусгайлан бүтээгдсэн. Энэ бэлдмэл болон бусад эмчилгээний аргуудын талаар эмэгтэйчүүдийн эмчээс мэдээлэл аваарай.

Эшлэл: Bayer Health Care


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1140697
Өнөөдрөөр : 64
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг