Умайн хоргүй хавдар буюу лейомиом

Огноо: 2015-04-13       Бэлтгэсэн эмч: Т.Ганчимэг       Уншсан: 3363    


Умайн лейомиом эмэгтэйчүүдийн хавдрын дотор элбэг тохиолдох бөгөөд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 20-40% хүртэл тохиолдож байна. Умайн лейомиом эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний хоргүй хавдрын дотор хамгийн түгээмэл тохиолдох дааврын хамааралтай, холбогч ба булчингийн эдийн элементээс үүсэж хөгжсөн хавдар юм. Умайн лейомиомын үед бодисын солилцоо, бэлгийн даавруудын хоорондын харьцаа, тэдгээрийн синтез алдагдан, умайн булчингийн хүлээн авах байдал өөрчлөгддөг. Лейомиом ихэнх тохиолдолд удаан явцтай ургах бөгөөд 35 түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн 20-40 хувьд лейомиомын хэмжээ томорч эмнэл зүйн шинж тэмдгүүд үүсэх шалтгаан болно. Цөөнгүй тохиолдолд хорт хавдарт шилжинэ. Булчингийн ба холбогч эдийн хоорондын харьцаанаас хамааран олон янзын нэршлээр нэрлэж ирсэн. Тухайлбал: миом, фибромиом, лейомиом. Гэвч хавдрын зангилаанууд булчингийн эдээс үүсч хөгждөг учраас хамгийн тохиромжтой нэршил нь лейомиом юм.

Лейомиомын зангилаа хэд хэдэн үе шатыг дамжин ургана:

I үе. Судасны хананд ургалтын идэвхтэй бүс үүснэ. Лейомиомын зангилаа үүсэж буй хэсэгт бодисын солилцоо идэвхжин, судасны нэвчимтгий чанар ихсэнэ.

II үе. Лейомиомын зангилаанууд түргэн явцтай ургаж эхэлнэ. Гэвч энэ шатанд зангилааг зөвхөн цурант багажийн (микроскоп) тусламжтай харах боломжтой.

III үе. Эмэгтэйчүүдийн үзлэгээр илрүүлэх боломжтой ба бичил бүтцийн өөрчлөлтүүдийг тогтооно . Умайн лейомиом бэлгийн бойжлын ба цэвэршилтийн дараах насанд үүсэх нь ховор, цэвэршилтийн дараах насанд эргэн хөгжиж байгаа нь дааврын хамааралтайг харуулна. Зарим судлаачид хэт таргалалт, хөдөлгөөний дутмагшил, сэтгэлийн таагүй байдал умайн лейомиом үүсэхэд нөлөөлнө хэмээн үзэж байна. Умайн лейомиомын бараг 80% нь олон зангилаанаас тогтох ба нэгэн зэрэг янз бүрийн хэмжээтэй, олон тооны зангилаанууд үүсдэг.

Умайн лейомиомын зангилаануудыг байрлалаас нь хамааруулж ангилна. Үүнд:

  • Умайн булчин хоорондын байрлалтай 
  • Умайн гялтан дороос түрж ургасан 
  • Умайн салстын дороос түрж ургасан

Умайн холбоос хооронд байрласан умайн лейомиом үүсэхэд нөлөөлөх үндсэн хүчин зүйлс:

  • Удамшлын хамаарал (цусан төрлийн холбооны хүн нь умайн лейомиомоор өвдсөн асуумжтай) 
  • Өндгөвчийн үйл ажиллагааны хямрал 
  • Нөхөн үржихүйн үйл ажиллагааны алдагдал (үргүйдэл, дутуу зулбалт)
  • Бодисын солилцооны өөрчлөлт (таргалалт, чихрийн шижин болон бусад дааврын өөрчлөлттэй эмгэгүүд, зүрх судасны өвчин) 
  • Бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, эндометриоз 
  • Үр хөндөлт болон умайн хөндийд хийгдсэн мэс ажиллаврууд 
  • Төмөр дутагдлын цус багадалт зэрэг нь нөлөөлдөг байна. 

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1066212
Өнөөдрөөр : 487
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг