Жирэмслэлтээс хамгаалах дааврын хавсарсан эм гэж юу вэ?

Огноо: 2015-01-29       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан: 1002    


Жирэмслэлтээс хамгаалах дааврын хавсарсан эм нь эмэгтэй хүний өндгөвчинд үүсдэг эстроген болон прогестронтой төстэй нийлэгжүүлсэн дааврыг агуулна.

Үйлчлэх зарчим

Өндгөн эс боловсрох процессийг зогсооно. Умайн хүзүүний салиаг өтгөрүүлж үрийн шингэн умайн хүзүүгээр нэвтрэхэд саад учруулна.

Давуу тал

Зөв хэрэглэсэн тохиолдолд өндөр үр дүнтэй. Бүх насны эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой. Бэлгийн хавьталд саад учруулахгүй. Сарын тэмдэг тогтмол бага хэмжээгээр, цөөн хоногоор ирнэ. Биеийн юм ирэх үеийн өвдөлт багасна. Удаан хэрэглэж болно. Эм хэрэглэхийг дуртай үедээ зогсоож болох ба жирэмслэх чадвар даруй сэргэнэ. Төмөр дутагдлын цус багадалтаас урьдчилан сэргийлнэ. Умайн гадуурх жирэмслэлт, умайн салстын ба өндгөвчний хорт хавдар, өндгөвчний уйланхай, бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчин сэдрэх, хөхний хоргүй хавдар зэргээс урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлнэ.

Сул тал

Эмийг өдөр бүр тогтмол цагт уугаагүй тохиолдолд үр дүн буурна. Эмийг өдөр бүр мартахгүй уух нь зарим эмэгтэйчүүдэд бэрхшээлтэй санагдаж болно. 28 хоног тутамд шинэ боодол эмийг бэлдсэн байх шаардлагатай. Маш ховор тохиолдолд цусны бүлэгнэлт ихэссэнээс тархинд цус харвах, хөлний гүний хураагуур судсанд бүлэгнэл бий болох, зүрхний шигдээс үүсч болно. Эдгээр гаж нөлөөнүүд үүсэх эрсдэл нь цусны даралт ихтэй 35 ба түүнээс дээш настай өдөрт 20 ширхгээс дээш тамхи татдаг эмэгтэйчүүдэд өндөр байдаг.

Хөхний сүүний чанар ба гарцанд нөлөөлдөг учир хөхүүл эхчүүдэд төрсний дараах эхний 6 сард хэрэглэхэд тохиромжтой.

ДХЭ-ийг хэрэглэж болох эмэгтэйчүүд:

  • Жирэмслэлтээс найдвартай хамгаалах түр хугацааны аргыг хэрэглэхийг хүссэн нөхөн үржихүйн бүх насны эмэгтэйчүүд.
  • Биеийн юм тогтмол бус их хэмжээгээр удаан хугацаагаар үргэлжилдэг, өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүд.
  • Өөрөө хөхний хоргүй хавдартай болон гэр бүлийн бусад гишүүдэд хөхний хорт хавдар үүсч байсан түүхтэй.
  • Бага аарцгийн эрхтэнүүдийн архаг үрэвсэлтэй.
  • Умайн холбогч эдийн гаралтай хоргүй хавдар болон эндометриозтой.

ДХЭ-ийг хэрэглэж болохгүй эмэгтэйчүүд:

  • Жирэмсэн
  • Хөхүүл
  • Тамхи татдаг
  • АД ихэсдэг
  • Гүний хураагуур болон уушигны судасны бүлэн
  • Удаан хугацааны хөдөлгөөнгүй байдал үүсэх мэс засал
  • Зүрхэнд цус хомсдох ишеми өвчнөөр өвчилж байсан эсэх одоо зүрхний ишеми хавхлагийн эмгэгтэй
  • Цус харвалттай
  • Толгойн талласан өвдөлттэй мигрень
  • Шалтгаан нь тодорхой бус үтрээний цус алдалттай
  • Хөхний хорт хавдартай
  • Цөсний хүүдийн болон элэгний эмгэгтэй

ДХЭ-ийг хэрэглэх заавар:

Биений юм ирсэн эхний өдрөөс хэрэглэж эхлэх нь хамгийн тохиромжтой. Өдөр бүр 1 ширхэг эмийг ууна. Эхний 21 ширхэг эм даавар агуулсан сүүлийн 7 ширхэг нь даавар агуулаагүй байдаг. Сүүлийнх нь зөвхөн сануулах шахмал ба эхний 21 ширхэг эмээс өөр өнгөтэй байна.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1066212
Өнөөдрөөр : 463
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг