Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм

Огноо: 2015-04-13       Бэлтгэсэн эмч: Л.Сэр-Од       Уншсан: 1418    


Үйлчлэх механизм

Эм бэлгийн эсийг гадагшлах, үр тогтох, үр тогтсон эм бэлгийн эсийг умайн хананд бэхлэгдэх үйл явцыг саатуулдаг. Хэрэв эм бэлгийн эс умайн хананд бэхлэгдэх үйл явц нэгэнт эхэлсэн бол эмийн үйлчилгээ үр дүнгүй болно. Үр дүн Энэ аргыг зөв хэрэглэсэн ч 2% нь жирэмслэх магадлалтай байдаг.

Давуу талууд

Төлөвлөөгүй нөхцөл байдлын дараа жирэмслэлтээс хамгаалах нөлөө үзүүлнэ. Нэгэнт болсон бэлгийн хавьтлын дараа хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах нөлөө үзүүлэх цорын ганц арга. Хүсээгүй жирэмслэлтийн тоог бууруулснаар үр хөндүүлэх хэрэгцээг бууруулна.

Сул талууд

Яаралтай ууж жирэмслэлтээс хамгаалах эмийг гэр бүл төлөвлөлтийн бусад аргыг орлуулан хэрэглэж болохгүй. Уусны дараа жирэмслэх магадлал харьцангуй өндөр байдаг. Гаж нөлөө үүсэх нь элбэг байдаг.

  • Хөх хөндүүрлэх
  • Толгой өвдөх
  • Дотор эвгүйрэх
  • Бөөлжис цутгах
  • Ядрах.

Хэрэглэж болохгүй тохиолдол:

  • Тархинд цус харвасан
  • Цусны бүлэгнэлтийн хямралтай
  • Зүрх судасны эмгэгтэй
  • Жирэмсэн гэдэг нь тогтоогдсон

Хэрэглэх заавар: Бага тунтай дааврын хавсарсан эм “Ригивидон” юмуу “Микрожинон”-ийг нэг дор 4 ширхгийг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор ууна. Хоёр дахь тун 4 ширхэг эмийг эхний тунг ууснаас хойш 12 цагийн дараа ууна. Дан прогестин даавар агуулсан “Постинор”-ыг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор 1 ширхгийг ууж, 12 цагийн дараа дахин нэг ширхгийг ууна. Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм нь өндөр тунтай даавар учир ойрхон, олон дахин хэрэглэх нь зохимжгүй.

Анхаарах зүйл:

Толгой өвдөх, хөх хөндүүрлэх зэрэг зовууриудыг багасгах зорилгоор өвчин намдаах эмийг хэрэглэж болно. Эмээ бага зэрэг сүү юмуу хоол идэж уусны дараа хэрэглэвэл бөөлжис цутгах нь багасна. Хэрэв эм ууснаас хойш 2 цагийн дотор бөөлжвөл эмээ нөхөж уух хэрэгтэй. Хоёр дахь тунгаа сүүлд уусан эмээс хойш 12 цагийн дараа ууна.

Эм ууснаас хойш зарим эмэгтэйчүүдэд цус үзэгдэж болно. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүдийн сарын тэмдэг хугацаандаа эсвэл хугацаанаасаа өмнө ирнэ. Хэрэв сарын тэмдэг хугацаанаасаа 7 хоногоос илүү хугацаагаар хоцорвол жирэмсэн эсэхээ магадлуулах шаардлагатай. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цаг өнгөрвөл эм уух хэрэггүй. Нэгэнт жирэмсэлсэн бол эм ууснаар тогтсон үр зулбахгүй. Энэ аргыг нэг удаа хэрэглэсний дараа жирэмслэхээс сэргийлэх бусад аргыг сонгох нь зүйтэй.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1066212
Өнөөдрөөр : 471
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг