Хэвийн биений юмны мөчлөг ба эм бэлгийн эсийн гадагшлалт

Огноо: 2015-09-11       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн       Уншсан: 5530    


Биений юм гэж юу вэ?

Тодорхой хугацааны мөчлөгтэйгээр умайн дотор талын салст давхарга ховхорч умайн хүзүү нээгдэн үтрээгээр цуслаг ялгадас гадагшлахыг биений юм ирэх гэнэ. Энэ ялгадсын 50-75 хувь нь цус, бусад хэсэг нь салст, салиа байдаг. Анхны биений юм буюу менархе нь охидын шилжилтийн насанд (ойролцоогоор 9-17 насанд) ирэх ба харааны товгор-өнчин тархины дааврын нөлөөгөөр охидын өндгөвчнөөс бэлгийн дааврууд боловсорч ялгаран хэвийн биений юм ирэх нөхцөл бүрдэнэ. Охидын шилжилтийн насанд энэ тогтолцоо бүрэн хөгжөөгүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй байдаг ба биений юм анх ирснээс хойш 5-8 жилд биений мөчлөг болон өндгөвчөөс эм бэлгийн эсийн гадагшлах үйл явц 100% жигдэрдэг. Биений юм нэг удаад ирэхдээ 2-7 хоног үргэлжилж, ойролцоогоор 50-80 мл цус гарна.

Хэвийн биений юмны мөчлөг /БЮМ/ гэж юу вэ?

Биений юм ирсэн эхний өдрөөс дараагийн биений юм ирсэн эхний өдөр хүртэлх хугацааг биений юмны мөчлөг гэнэ. Биений юмны мөчлөг нь харааны товгор-өнчин тархи-өндгөвчөөс ялгарах даавруудаар зохицуулагддаг. БЮМ-ийн хугацаа эмэгтэй хүн бүрт харилцан адилгүй байдаг ба биений юм тогтворжсоны дараа 21-35 хоногийн мөчлөгтэй байвал хэвийн БЮМ-тэй гэж үзнэ.

Цөөнгүй тохиолдолд өсвөр насны охидод анхны биений юм ирсний дараа биений юмны мөчлөг нь тогтворгүй байж, биений юм их хэмжээгээр, удаан хугацаагаар үргэлжилж цус багадах эмгэгийг дагуулах эрсдэлтэй байдаг тул энэ тохиолдолд заавал мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Ихэнх охидод аажимдаа 1-2 жилийн дараа биений юмны мөчлөг тогтмол болох боловч зарим тохиолдолд бие даасан өвчний шалтгаантай байх нь бий. Жишээ нь: өндгөвчийн хатууралт-уйланхайжих хам шинж гэх мэт. Энэ эмгэг нь хожим биений юм хомсдох, үргүйдэл үүсэх эрсдэлтэй тул зохих эмчилгээг заавал хийх шаардлагатай байдаг.

Хэвийн БЮМ нь 3 үе шаттай явагддаг.

  1. Фолликулын үе шат
  2. Өндгөн эсийн гадагшлалтын үе шат
  3. Шар биеийн үе шат

Фолликулын шатны гол үйл явц нь өндгөн эсийн хөгжил юм. Энэ шатанд эмэгтэйн өнчин тархинаас ялгарах фолликул сэдээгч даавар болон шар биөийг сэдээгч даавар, өндгөвчнөөс ялгарах эм бэлгийн дааврууд болох эстроген, прогестерон дааврууд тодорхой харьцаатайгаар ялгарч өндгөвчинд дэх олон цэврүүнээс зөвхөн 1-2 фолликул давамгайлан хөгжиж, тэнд өндгөн эс боловсорно.

Өндгөн эсийн гадагшлалтын үе шат

Фолликул сэдээгч дааврын нөлөөн дор өндгөвчин дэх давамгайлагч фолликулаас боловсорч гүйцсэн өндгөн эс үр тогтох чадвартай болж, цэврүү хагаран өндгөн эс гадагшилдаг. Мөн энэ шатанд шар биөийн сэдээгч дааврын ялгарал эхэндээ аажим, дараа нь эрчимтэй ихсэж, шар биежих явцыг сэдээж, улмаар шар биеийн даавар болох прогестерон ихээр ялгарч эхэлнэ. Шар биөийн сэдээгч дааврын хамгийн их ялгарлын үеэс хойш 36 цагийн дараа эм бэлгийн эс гадагшилна.

Шар биеийн шат

Шар бие идэвхжүүлэх дааврын нөлөөгөөр цэврүүний суурин дээр шар бие үүснэ. Энэ үйл явцын зэрэгцээ өндгөвчинд эм бэлгийн даавар болох эстроген ба шар биеийн даавар ялгардаг. Эдгээр даавар нь эмэгтэй хүний галбир төрхийг эмэгтэй шинжтэй болгохын зэрэгцээ умайн дотор ханыг үр тогтсон өндгөн эсийг хүлээн авахад бэлтгэн, зузааран хөвсийлгөж үр тогтсон өндгөн эс бэхлэгдэхэд бэлтгэнэ. Өндгөвчнөөс гадагшилсан өндгөн эс нь үр дамжуулах хоолойд ордог. Энд эр бэлгийн эстэй нийлж үр тогтдог. Прогестерон нь зузаарсан салстыг ховхрохоос сэргийлж, үр тогтсон тохиолдолд умайн салстад бэхлэгдсэн үр хөврөл, ургийг зулбахаас сэргийлдэг. Үр тогтоогүй тохиолдолд прогестерон даавар ялгарахаа болих ба умайн салст ховхорч, биений юм ирдэг. Цаашид энэ мөчлөг давтагдана. Ямар ч насны эмэгтэйд сэтгэл санаа хямрах, уурлах, ядрах, хүнд ажил хийх, орчин огцом солигдох, ханиад томуу хүрэх зэргээс биений юмны мөчлөг өөрчлөгдөх нь бий.

Биений юм ирсэн үед ямар дэглэм сахих вэ?

Эмэгтэй хүн бүр биений юмны ирсэн мөчөөс эхлэн хуанли тогтмол хөтөлж сурах нь биений юмны мөчлөгөө тогтоох, өөрийн эрүүл мэндээ хянахад тустай. БЮМ тогтмол ирэх нь тухайн эмэгтэйн нөхөн үржихүйн үйл ажиллагаа эрүүл байгаагийн илэрхийлэл болсон хэвийн үзэгдэл учраас ямар нэг онцгой дэглэм сахих шаардлагагүй. Биений юм ирсэн өдрүүдэд өдөр тутмын амьдралын дэглэмээ хэвээр үргэлжлүүлж болно. Тухайлбал шүршүүрт орох, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт. Биений юм ирсэн хугацаа, гарч байгаа цусны хэмжээнээс хамаарч, ариун цэврийн хэрэглэлийн төрөл, нимгэн зузааныг тохируулна. Цус хэр гарч байгаагаас шалтгаалан ариун цэврийн хэрэглэлээ өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг. Биений юмны үед умайн хүзүү нээгдэн, умайн салст давхарга ховхрон гарч байгаа тул шархтай талбай үүсч, өгсөх замаар халдвар орж, нян үржих таатай орчин болдог тул бэлгийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих хэрэгтэй. Илүү ойр ойрхон шүршүүрт орох ба гадна бэлэг эрхтнээ зориулалтын саван хэрэглэн бүлээн усаар угааж болно. Харин үтрээг угаах шаардлагагүй. Нүүр, гар угаахад зориулагдсан анхилуун үнэрт савангууд нь цочрол өгч, харшил үүсгэдэг учир хэрэглэх нь зохимжгүй. Биений юм анх ирж эхэлж байгаа үед охид айж, ичих, энэ нь хэвийн эсэхэд эргэлзэж хэн нэгнээс зөвлөгөө авахыг эрэлхийлдэг. Энэ үед хэн нэгэн түүнтэй ойр дотно байж, ярилцвал охид илүү тайван байдаг.

БЮМ-ийн үед ууц нуруу, хэвлийгээр өвдөх, базлах, толгой өвдөх зовуурьтай байдаг тул дараах аргуудыг хэрэглэхийг зөвлөнө. Үүнд:

  • давсны хэрэглээг багасгах,
  • байнгын дасгал, хөдөлгөөн хийж байх,
  • буцалсан ус өдөрт 1-1.5 литрээс доошгүй уух,
  • хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих (халууралсан шинж тэмдэг илэрвэл эсрэг заалттай),
  • бүлээн шүршүүрт орох,
  • өвдөг, тохой дээр тулж хэвтэх,
  • нуруугаараа хэвтээд өвдгөө нугалан багахан тойргоор эргүүлэх,
  • өвчин намдаах эм уух зэрэг

Эдгээр аргуудад үр дүнгүй, өвдөлт ихтэй, дээрх зовууриуд хүчтэй илэрч байвал эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Өндгөн эсийн гадагшлалт ба жирэмслэх үеийг тооцох энгийн аргуудын нэгээс дурдъя.

 БЮМ хугацаа (хоногоор)  Эм бэлгийн эс гадагшлах өдөр   Жирэмсэн болох магадлалтай өдрүүд 
 26  БЮМ-ийн 12  БЮМ-ийн 7-13 дахь хоног 
 27 13 8-14
 28 14 9-15
 29 15 10-16
 30 16 11-17
 31 17 12-18
 32 18 13-19
 33 19 14-20

Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1140697
Өнөөдрөөр : 62
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг