Эмэгтэйчүүдийн практикт хэрэглэгддэг хавдрын маркеруудын ач холбогдол

Огноо: 2015-09-11       Бэлтгэсэн эмч: Б.Хоролсүрэн       Уншсан: 3841    


Хавдрын маркер гэдэг нь хүний биед хавдрын эс бий болсонтой холбоотойгоор нийлэгжиж эхэлдэг буюу цусан дахь агууламж нь ихсэж байдаг аливаа макромолекулуудыг хэлнэ. Эс хавдарт хувирах явцад хэвийн үед байдаггүй биологийн шинж бий болдог бөгөөд үндсэн төрхөөр нь хавдрын маркерыг:

  • нуклейн хүчлийн
  • уургийн
  • үйл ажиллагааны хэмээн ангилна.

Хавдрын маркерыг эмнэлгийн салбарт голчлон урьдчилан сэргийлэх үзлэг, хавдрын анхдагч онош тавих, хавдрын байршил тогтоох (ямар эрхтний), хавдрын үе шат, цаашдын тавиланг тодорхойлох, эмчилгээний үр дүнг тооцох гэх мэт хорт хавдрын болон хавдрын бус эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний хяналтанд хэрэглэдэг. Судлаачдын үзэж байгаагаар хавдрын маркерыг тодорхой хавдрыг эрт илрүүлэхэд ашиглах эсэх нь тухайн маркерын мэдрэг болон өвөрмөц шинж чанар, хэрэглээний эдийн засгийн үр ашгаас хамаардаг.

Хавдрын маркер нь дараах үндсэн шинжтэй байдаг.

  1. Хавдраас өөр өвчинтэй буюу эрүүл хүмүүст үл тодорхойлогдох өвөрмөц чанартай байх
  2. Нэн эрт үед буюу хорт хавдрын цөөхөн эс үүссэн үед ч тодорхойлогдох мэдрэг чанартай байх
  3. Эрхтэнд өвөрмөц байх
  4. Хавдрын үе шат, масстай хамааралтай байх
  5. Өвчний тавилантай хамааралтай байх
  6. Урьдчилан оношлох боломж нь найдвартай байх зэрэг байна.

Гэвч одоо хэрэглэгдэж байгаа хавдрын маркеруудаас энэ бүх чанарыг хангасан, тухайлбал 100% өвөрмөц, 100% мэдрэг “төгс” хавдрын маркер хараахан гараагүй байна. Өөрөөр хэлбэл хавдрын маркеруудад эдгээр шинжийн зарим нь илүү, зарим дутуу илэрсэн байдаг. Зарим маркерууд эрхтэнд өвөрмөц байдаг ба ихэнх маркерууд хавдрын үе шат, хэмжээнээс хамааралтай байдаг. Гэвч маркерын концентрациас хамааруулан үе шатыг тодорхойлох боломжгүй гэж үздэг.

Хавдрын маркерын олон ангилал байдаг ч илүү ойлгоход дөхөмтэйгээр нь илрүүлж байгаа эдээс нь хамааруулан ангилдаг.

  1. Эсийн
  2. Шингэний
  3. Эсийн маркерыг хагалгааны материал, биопси зэрэг эдийн зүсмэг дотор иммуногистохимийн болон иммуноцитохимийн аргаар илрүүлдэг.
  4. Шингэний- цусны ийлдэс, шээс, үрэвслийн шингэн гэх мэт биологийн шингэн, шүүрлүүдэд тодорхойлогддог.
  • Хавдрын өвөрмөц антигенууд/маркерууд (TSTA-tumor-specific transplantation antigen)
  • Хавдартай холбогдсон антигенууд/маркерууд (TADA-tumor associated differentation antigens).

Энэ бүлгийн антигенуудыг хавдрын антиген гэж буруу нэрлэж хэвшсэн. Хавдрын эс үүсэж, үржих, ялгаран хөгжихийн үр дүнд ялгаруулалт нь нэмэгдэж байдаг молекулууд юм. Хавдар бүр олон хэлбэрийн TADA ялгаруулдаг боловч тэдгээрээс тодорхой хэсэг нь тухайн хавдрын үед харьцангуй өндөр мэдрэг чанартай байж байж ихэсдэг байна.

Жишээ нь:

  1. Хавдрын хөврөлийн антиген (CEA-Carcino-embrionic antigen) - Хавдрын хөврөлийн антиген (CEA-Carcino-embrionic antigen)- нь хавдрын эсийн гадаргуу дээр байрлаж тэндээсээ дамжин цусны урсгалд ордог гэж үздэг. Ургийн үр хөврөлийн хөгжлийн явцад ходоод гэдэсний хучуур эсийн гадаргуугийн антиген болж хөгждөг бөгөөд төрсний дараа нийлэгжилт нь багасдаг боловч хүн амын ихэнх хувьд нь насанд хүрсэн үед ч бүрэн зогсохгүй ялгарах нь бий. Энэ уургийн эрүүл хүний цусанд агуулагдах хэмжээ нь тодорхойлж байгаа аргын мэдрэг чанараас хамааран өөр өөр байж болно. Олонх судлаачдын тодорхойлсноор СЕА-ны хэвийн хэмжээ 2.5 нг/мл-ээс доош гэж үздэг боловч тамхичдын 19%-д, эрүүл хүн амын 3%-д үүнээс өндөр тодорхойлогдсон байна. Анх энэ маркерыг зөвхөн бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн үед илэрдэг гэж үздэг байснаас гэдэсний өмөнгийн маркер гэж нэрлэдэг боловч бүдүүн, шулуун гэдэсний бус бусад хавдрын урьтал өвчин, хоргүй хавдар, хавдрын бус олон архаг эмгэгийн үед ихэсдэг болох нь тогтоогдсон байна.
  2. Альфафетопротейн (AFP-Alpha-fetoprotein) - Ургийн хөгжлийн үед уургийн шар уут, элэг, хоол боловсруулах бусад эрхтнүүдэд нийлэгжих ургийн ийлдэсний гол уураг юм. Жирэмсний 12 долоо хоногт эхийн цусанд хамгийн өндөр хэмжээндээ буюу 3 мг/мл хүрдэг. Төрсний дараа нийлэгжилт нь эрс багасдаг боловч бага хэмжээгээр ялгарч байдаг. Насанд хүрсэн хүнд зөвхөн элгэнд нийлэгждэг бөгөөд 20 нг/мл–ээс хэтэрдэггүй байна. AFP элэгний анхдагч өмөнг эрт илрүүлэх, эмчилгээнд хяналт тавих, тавиланг тодорхойлох, хөврөлийн дотор хальсны хөндийн хавдрын үед ихэсдэгч, хавдрын бус элэгний өвчнүүдийн үед (элэгний архаг болон хурц үрэвсэл, хордлогын болон архины гаралтай цирроз, элэгний эс ихээр гэмтэж, үхжиж байгаа) хавдрын маркер ихэсдэг байна. Мөн AFP нь ургийн ийлдэсний үндсэн уураг болдог бөгөөд жирэмсний эхний 30 хоногтойд ургийн шар бүрхүүлийн уутанцарт үүсч, цааш энэ уутанцар хатингаршмагц ургийн элэг, зарим үед элэг ялгаруулж, ургийн шээсээр дамжин эхийн цусанд орно. Ургийн цусны сийвэн болон амнионы шингэн дэх AFP-ны харьцаа 100:1 байдаг. Эхийн цусны сийвэн дэх AFP хэмжээ жирэмсний эхний 3 сараас нэмэгдэж, 30 долоо хоногтойд оргилдоо хүрч 500нг/мл хүрнэ. Жирэмсний 15-16 долоо хоногтойд гурвалсан тестээр AFP тодорхойлж, өндөр тодорхойлогдсон тохиолдолд 1-2 долоо хоногийн дараа давтан шинжилгээ хийж, дахин өндөр гарсан тохиолдолд чанд авиан шинжилгээ хийлгэж оношийг тодруулна. Ургийн мэдрэлийн сувгийн гаж хөгжил, нугасны болон тархины ивэрхий, ургийн тархины зөөлөн эдгүй байх, омфалоцеле (хүйний ивэрхий), гастрошизис (хэвлийн урд ханагүй байх), цистик гигрома, төрөлхийн нефроз, хоол боловсруулах замын битүүрэл, амьгүй ураг, ургийн цус алдалт, ургийн тератома, ихсийн гажиг зэргийн үед AFP өндөр тодорхойлогддог ба онцлох гаж хөгжилгүйгээр AFP дангаар ихэссэн байх нь дутуу төрөлт, ураг амьгүй болох, бага жинтэй хүүхэд төрөх г.м эрсдэлтэй жирэмслэлт байж болзошгүйг илтгэнэ. АФП буурах нь Дауны хам шинж, ихэс доор байрлах, сахарын шижин, эхийн таргалалтын үед буурдаг.
  3. Өндгөвчний антиген (СА 125- Cancer antigen 125) - Эрүүл хүнд тодорхойлогдох хэмжээ– эрүүл үед өндгөвч, нойр булчирхай, цөсний хүүдий, ходоод, гуурсан хоолой, бөөр, гэдэсний хучуур эсийн гадаргууд байдаг. Жирэмсэн эхийн ийлдэс, ургийн ус, эхийн сүүнд агуулагдах хэмжээ нь ихэсч болно. Мөн эмэгтэйчүүдийн практикт зарим эмэгтэйчүүдэд биений юм ирэх үед ихсэх боловч эргэж буурдаг. Эрүүл хүнд тодорхойлогдох хэвийн хэмжээ нь 0-35 U/ml боловч нийт хүн амын ойролцоогоор 1%-д нь ихэссэн байж болно. СА 125 ихсэлт болон үтрээний хэт авианы оношилгоо буюу эмэгтэйчүүдийн үзлэгтэй хавсруулан өндгөвчний өмөнг эрт оношлоход ашигладаг. Хэдийгээр хучуур эсийн гаралтай өндгөвчийн өмөнгийн үед 75-80%-д энэ үзүүлэлт ихэссэн байдаг боловч өндгөвчийн өмөнгийн хувьд өвөрмөц маркер байж чадахгүй, бусад шинжилгээтэй хавсарч эцсийн оношийг тавина. Учир нь энэ маркер бусад олон хавдрын болон хавдрын бус эмгэгүүдийн үед ихэссэн байж болно. Жишээ нь: умайн салстын өмөн, нойр булчирхай, бүдүүн ба шулуун гэдэсний хурц үрэвсэл болон өмөн, умайн хүзүү, үтрээний өмөн, цирроз, уушгины өмөн, лимфомууд, бага аарцгийн болон хэвлийн хурц үрэвсэл гэх мэт.
  4. Хөхний хавдрын антиген (СА 15-3) Хүний хөхний сүүний өөхөн бөмбөлөгүүдийн гадаргуугын антиген юм. Эрүүл хүнд тодорхойлогдох дээд хэмжээ нь 30 u/ml гэж үздэг боловч 38-40 долоо хоногтой жирэмсэн эхчүүдийн 8%-д нь 40 u/ml –ээс дээш байдаг. Тус маркер нь хөхний өмөнтэй өвчтөнүүдийн 57%-д ихэссэн байдаг. Зарим судлаачдын судалгаагаар сүүний өөхөн бөмбөлөг ба хавдрын эсийн цитоплазмын аль алинд нь байдаг антиген болох СА 549-ыг СА 15-3-тай хослуулан хэрэглэвэл мэдээллэг чанар өндөртэй гэж зөвлөж байна. Дээрх маркеруудаас гадна бусад эрхтний хавдруудын үед хэрэглэгддэг ходоод гэдэсний антиген -СА19-9, СА72-4, түрүү булчирхайн өвөрмөц антиген –PSA, элэг, цөсний антиген –Choleglicin-CG, бомбезин г.м маркерууд байдаг.                                                                            

Хавдрын маркерын шинжилгээний үр дүнд дараах хүчин зүйлс сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнд:

  • Биологийн хүчин зүйлс
  • Техникийн алдаанууд

100% мэдрэг, 100% өвөрмөц төгс маркер байдаггүй, хавдрын гэгдэх маркерууд маань хавдрын бус архаг болон үрэвсэлт өвчнүүдийн үед ч их бага хэмжээгээр ихэссэн байж болдог. Элэг, бөөрний үйл ажиллагааны хямралын үед тухайн бодисын солилцоо хямарснаас зарим үед хуурамч эерэг хариу өгөх боломжтой, эмчилгээний хүчин зүйлсийн (мэс засал, туяа, химийн эмүүд, даавар) нөлөөгөөр хавдрын маркеруудын агууламж хуурамчаар өөрчлөгддөг, жирэмсэн болон биеийн юмны мөчлөгийн үед зарим маркеруудын агууламж өөрчлөгдөж болдог, оношилгоо, эмчилгээний мэс ажиллавруудын гэмтлийн нөлөөгөөр хавдрын маркерууд ихэсч болдог. Тухайн маркер өндөр дархлаа төрүүлэх чадвартай бол түүний эсрэг үүссэн эсрэг биеүдтэй дархан бүрдэл үүсгэснээр ийлдэс дэх чөлөөт молекулууд багассан байдаг.

Зарим хавдрууд сул цусан хангамжтай байдаг нь цусанд хаягдах маркерийн хэмжээ буурахад хүргэж болдог зэрэг нь шинжилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж болох биологийн хүчин зүйлс юм.

Техник алдаа нь эдийн засаг, боловсон хүчин, сэтгэлгээ, арга зүй зохион байгуулалтын болон эрүүл мэндийн боловсрол зэрэг нөлөөлж болно.


Судалгаа

Эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авсан бэ?




Нийт хандалт : 1310049
Өнөөдрөөр : 873
© 2015 "АСЭ" Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэг